Л.Гантөмөр мөнгөнд нугарч унах "Тугалган жад" байсан гэж үү!

оруулсан Алсын Хараа

Ардчилсан намынхан удтал талцсаны эцэст даргатай болсон нь УИХ-ын гишүүн асан, БСШУ-ны сайдын албыг хашиж явсан Лу.Гантөмөр. Тухайн үед “АН даргатай болж гэнэ, овоо доо” гэхийн зэрэгцээ “Энэ бол шууд уналт” гэх хүн цөөнгүй байсан. Учир нь бөөрөнхий, туйлбаргүй ийм тэргүүнтэй урагшлахгүй гэж нам дотроосоо эсэргүүцэх гишүүд нэг бус байв.

Тамга тэмдэгний хэрүүл хийж, тарж бутарсан тус намд даргын суудал бөглөсөн “Тугалган жад” биш төмөр багана хэрэгтэйг хэлсэн, зөвлөсөн нь ч бишгүй байв. Тэр нь ч үнэн болохыг Лу.Гантөмөр анхны даваанаасаа эхлээд батлан харууллаа. Яасан бэ гэвэл, мань эр өөрийг нь Ардчилсан намын даргаар Дээд шүүх бүртгэсний дараа эрх баригчид дээр гүйж очин, “Авлигатай тэмцэхийг дэмжинэ” хэмээн мэдэгдсэн. Намаа цэвэрлэж, тарж бутарснаа эвлүүлж дарга шиг дарга болох нь гэж түүнийг дэмжсэн болон дэмжихгүй байсан хэсгийнхэн хүртэл шагширсан.

Гэтэл даваа гаригт болсон АН-ын бүлгийн хурлын дараачаас түүний байр суурь 360 градус эргэсэн нь тодорхой болов.

Тэр УИХ дахь намын бүлгийнхээ нүүрсний хэрэг, авлигын гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг хамгаална гэжээ. Үүний өмнө тус намаас Өмнөговь аймгийнхныг төлөөлөн УИХ-д сууж буй “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхээ хамгаалж үлдэхийн тулд нэг танхимд тохой залган сууж буй гишүүддээ тэрбум төгрөг амласан. “Мөнгө цагаан, нүд улаан” гэгчээр гишүүд “Жижиг Тавантолгой”-н эзэн гэгддэг Д.Бат-Эрдэнийг хамгаалж үлдэхээр кнопоо худалдах нөхцөл байдал үүссэн гэх мэдээллүүд дуулдаж байсан юм.

Тэгвэл АН-ын дарга Лу.Гантөмөр ч хүртэл “Ажнай” Д.Бат-Эрдэнийн их мөнгөний өмнө нугарч унасан “Тугалган жад” болсон гэдгээ баталсан нь энэ.

Түүний хувьд өөрийгөө намаа даргалж сонгуульд орно, мөнгө хэрэгтэй гэж бодож яваа байх. Улс төрийн намын санхүүжилтийн асуудал нэг мөр болоогүй, хууль хэрхэн гарах нь тодорхойгүй ч, бүх намын хувь заяа мөнгөнөөс хамааралтай нь үнэн. Тэгээд ч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ бол АН-ын мөнгөний бурхан, “Саалийн үнээ” нь байж ирсэн. Гэхдээ авлига, нүүрсний хэрэг гэхчлэн өчнөөн асуудал яригдаж байхад “саалийн үнээ”-тэйгээ үлдэх гэсэн АН-ын хүсэл, Лу.Гантөмөрийн зүтгэл намдаа мөхөл дуудаж байна.

Энэ янзаараа тус нам 2024 оны сонгуулиар дахиад өвдөг шороодно. Ингэхдээ цаашид нам байх эсэх нь ч эргэлзээтэй болно. Үүнийг тооцоолоогүй гэхээр Лу.Гантөмөр улс төрийн тоглогч болох болоогүй байна гэсэн үг. Тохиолдлоор намын дарга болсон балчир нөхөр сөрөг хүчин гэгдэж явсан АН-ын сүүлийг мушгих ёстой байсан юм болов уу даа.

Ч.ЗОТОЛ

Zindaa.mn

Сэтгэгдэл бичих