Коронавирусийн халдвар тархсаны улмаас Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компанийн хоёрдугаар сарын үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар буурчээ. “Toyota” компани өнгөрөгч хоёрдугаар сард 2019 оны хоёрдугаар сард гаргаж байснаас 625 мянгаар цөөн автомашин үйлдвэрлэжээ. Үүний зэрэгцээ угсрах шугамын ажлыг түр зогсоосны улмаас Хятад дахь үйлдвэрлэлийнх нь хэмжээ 77.4 хувиар буурсан гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна. Гэхдээ Хятад дахь “Toyota” компанийн дөрвөн үйлдвэр бүгд хэвийн үйл ажиллагаандаа оржээ.
Тус компани Европын орнууд дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 20 хүртэл сэргээхгүй гэж өмнө нь мэдэгдсэн юм. Үүнээс гадна, ОХУ-ын Санкт-Петербургт байрлах үйлдвэрээ дөрөвдүгээр сарын 5-наас хаахаар болжээ. Мөн Их Британи, Турк зэрэг өөр зургаан орон дахь тээврийн хэрэгсэл, эд ангийн үйлдвэрүүдээ наад зах нь ирэх дөрөвдүгээр сарын 19 хүртэл зогсоох аж.
Дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг автомашин үйлдвэрлэгч компани болох “Toyota” өнгөрсөн онд Европт 780 мянга гаруй автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 0.4 хувиар өссөн байна. Тус компани нь АНУ, Мексик, Канад дахь үйлдвэрлэлээ мөн дөрөвдүгээр сарын 17 хүртэл зогсоогоод байгаа бөгөөд эрэлт саарсантай холбоотойгоор Япон дахь зарим үйлдвэрлэлээ баасан гаргаас зогсоохоор болжээ.
ТОКИО. /Kyodo/