Улсын гадаад өр 2022 онд 33.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оныхоос 219.6 (0.6 хувь) сая ам.доллароор багасаж, өмнөх улирлынхаас 1.1 (3.5 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Нийт гадаад өрийн 12.1 (36.2 хувь) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 9.7 (28.9 хувь) тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 8 (23.8 хувь) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.2 (6.5 хувь) тэрбум ам.доллар нь төв банкных, 1.6 (4.6 хувь) тэрбум ам.доллар нь төв банкаас бусад хадгаламжийн байгууллагынх аж.
Улсын нийт гадаад өр 2022 онд өмнөх оныхоос буурахад Засгийн газрын гадаад өр 444.8 (5.3 хувь) сая, төв банкны өр 431.8 (16.5 хувь) сая, шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 131.6 (1.1 хувь) сая, төв банкаас бусад хадгаламжийн байгууллагынх 66.4 (4.1 хувь) сая ам.доллароор багассан нь нөлөөлжээ. Харин бусад салбарынх 855 (9.7 хувь) сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооны нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэсэн байна.
Засгийн газрын нийт өр 2022 онд 31.9 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 4.8 (17.8 хувь) их наяд, өмнөх улирлынхаас 1.8 (6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Засгийн газрын дотоод өр 2022 онд өмнөх оныхоос 114.9 (12.5 хувь) тэрбум, гадаад өр 5 (20.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэж, харин Засгийн газрын өрийн баталгаа 97.8 (11.2 хувь) тэрбум, барих-шилжүүлэх төрлийн концесс 162.1 (24.1 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.
Засгийн газрын нийт өрийн 29.6 (92.7 хувь) их наяд төгрөг нь гадаад өр, 1 (3.2 хувь) их наяд төгрөг нь дотоод өр, 778.7 (2.5 хувь) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа, 511.8 (1.6 хувь) тэрбум төгрөг нь барих-шилжүүлэх төрлийн концесс эзэлж байв. Нийт өрөөс 2022 онд үндсэн төлбөрт 1.4 их наяд, хүүгийн төлбөрт 756.7 тэрбум төгрөг төлөөд байна. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оныхоос 92.4 (7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн бол хүүгийн төлбөр өмнөх оныхоос 201.4 (21 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.