М.Есөнмөнх: "Тамгагүй төр" жүжгээ Английн "WEST END"-ийн театрын тайзнаа тавина

оруулсан Алсын Хараа

“Мөнгөн мод-2022” наадмын “Шилдэг продюсер”-ээр  М.Есөнмөнх тодорсон юм. Тэрбээр 2022 онд “Тамгагүй төр” үндэсний драмын жүжгийн ерөнхий продюсерээр ажиллажээ.

Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, Түүхийн ухааны магистр, багш, продюсер тэрбээр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт 25 жил ажиллаж байна. Монголын кино урлаг, соёлын наадам, фестиваль, концерт, шоу тоглолт, олон улсын сэдэвчилсэн эвент гэхчлэн үндэсний болон олон улсын томоохон 60 гаруй үйл ажиллагаа, уран бүтээлд ерөнхий менежер, ерөнхий продюсерээр ажилласан байна.

Энэхүү наадмын шагнал гардуулах үеэр түүнээс дараах мэдээллийг тодрууллаа.

-Танд Монголын хамгийн олон үзэгчтэй “Тамгагүй төр” жүжгээр “Мөнгөн мод-2022” наадмын Шилдэг продюсерийн шагнал хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Урлаг соёлын тайзнаа анх удаа шагнал гардсандаа сэтгэл догдолж байна. Урлаг салбарынхантай ойр дотно ажиллахад Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, монголчуудын оюун санааг шинэ түвшинд гаргахад асар их хөдөлмөр хийж байгаа нь анзаарагддаг. Тиймээс уран бүтээлчдийн бүтээлүүд жил бүр улам чанаржиж байна. “Тамгагүй төр” жүжиг маань дахин шинээр тавигдаж, өөр техник, өнцгөөр бүтээснээрээ шилдэг бүтээл болсон гэж үзэж болно. Энэхүү бүтээлийг өнгөрсөн онд 117 удаа тоглож, 67 мянга гаруй үзэгч үзсэн. Тиймээс 2023 онд Английн "WEST END"-ийн театрт 2023 оны 11 дүгээр сарын 13-нд нийт 20 удаа тоглохоор болсон.

-Жүжгийн бэлтгэл ажил ямархуу шатандаа явж байгаа вэ?

-Бэлтгэл ажлаа таван үе шатад хувааасан. Үндсэндээ хоёр үе шат дуусаж, гурав дахь шатны бэлтгэлээ эхлээд байна. Жүжгийн гэрэл, хөгжим, тайзны тохиргооны ажилд орсон. Бид аль болох англи хэлээр тоглохыг зорьж бэлтгэлээ хийж байгаа.

-Монголчууд сүүлийн жилүүдэд тайзны бүтээлийг шимтэн үздэг болсон. Манай улсын хувьд тайзны урлагийн хөгжил ямар түвшинд яваа бол?

-Миний хувьд драмын жүжгийг сайн ойшоодоггүй байсан. Сүүлийн 2-3 жилд УДЭТ-ын шинээр тавьж буй жүжгүүдийг үзээд манай монголын урлаг соёлын салбар нэлээн өндөр түвшинд хүрч байгааг харж байна. Миний ажилласан төсөл маань драмын урлагийн төрлийг нэлээн өндөр түвшинд хүргэсэн байх гэдэгт найдаж байна.

 

Сэтгэгдэл бичих