Баян-Өлгийд 191 иргэнийг тусгаарлах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүллээ

оруулсан Алсын Хараа

Баян-Өлгий аймагт найман тусгаарлах байранд 344 хүнийг тусгаарлаж байсан. Үүнээс ажиглалтын 14 хоногийн хугацаа дууссан иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлж эхэллээ.

"Бид энэ сарын 27-ны өдөр 59 иргэнийг, өнөөдөр 132 иргэн, нийтдээ 191 хүнийг холбогдох хууль журмын дагуу тусгаарлах байрнаас гэрийн ажиглалт руу гаргасан. Улсын Онцгой комиссоос тусгаарлах байранд байсан хүмүүсийг 14 хоног гэр гэрт нь ажиглах чиглэл ирүүлсний дагуу ийнхүү арга хэмжээ авч байна. Гэрийн ажиглалтад байх хүмүүст баримтлах зөвлөмжийг өгч, хууль журмыг тайлбарлан, гарын үсэг зуруулж авч байна. Өлгий сумын иргэдийн хувьд харьяа багийн Засаг дарга нарыг нь дуудан ирүүлж, гарын үсгийг нь зуруулж, баталгаа гаргуулсан. Хөдөө сумд руу явах хүмүүсийг харьяа сумын захиргаа, Эрүүл мэндийн төвийн төлөөллүүдэд нь албан ёсоор хүлээлгэн өгч байна. Харин Улаанбаатар хот болон бусад аймагт очих хүмүүсийг нийтийн тээврээр зорчуулахгүй, жижиг тэргээр явах ажлыг зохион байгуулж байгаа" хэмээн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед хэллээ.

Аймгийн Онцгой комиссоос гэрийн ажиглалтад байх хүмүүст хяналт тавих ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэнд, Цагдаагийн газрын алба хаагч, мэргэжилтнүүд болон багийн Засаг дарга нар багтжээ. Зөвхөн аймгийн төвд гэхэд 12 тээврийн хэрэгсэл, 60 хүн ажиллаж, өдөрт гурван удаа иргэдийн гэрт нь очиж хянах аж.

Баян-Өлгий аймагт энэ сарын 13-26-ны өдрүүдэд гэрийн ажиглалтад байсан 59 иргэний тавд нь хөл хорионы дэглэм зөрчсөн хэргээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд цаашид холбогдох хууль журмыг чанд баримтлахыг аймгийн Шуурхай штабаас онцгойлон анхааруулж байна.

Баян-Өлгий /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих