Экспорт 8.2 хувиар нэмэгдэж, импорт 25.8 хувиар багасжээ

оруулсан Алсын Хараа

Монгол Улс энэ оны эхний 2 сард 118 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 3.4 тэрбум ам.доллар боллоо.

Үүнээс экспорт 2.2 тэрбум, импорт 1.2 тэрбум ам.доллар байв. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (55.2 хувь) тэрбум, экспорт 1.1 (90.1 хувь) тэрбум, импорт 160.5 (15.5 хувь) сая ам.доллароор нэмэгджээ. Харин 2023 оны 2 дугаар сард экспорт өмнөх сарынхаас 88.1 (8.2 хувь) сая ам.доллароор нэмэгдсэн бол импорт 177.8 (25.8 хувь) сая ам.доллароор буурсан байна.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 2 сард 1 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 902.8 (7.3 дахин) сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Мөн 2023 оны 2 дугаар сард 655.6 сая ам.долларын  ашигтай  гарч, өмнөх сарынхаас 265.9  (68.2 хувь) сая ам.доллароор нэмэгдлээ. БНХАУ-тай 2023 оны эхний 2 сард 2.5 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 71.4 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 61.1 хувийг чулуун нүүрс, 18.3 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны  99.9 хувийг алт эзэлжээ.

Экспорт 2023 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеийнхээс  1.1 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд нүүрс 955 сая, цайрын хүдэр, баяжмал 42.2 сая, төмрийн хүдэр, баяжмал 39.5 сая, жоншны хүдэр, баяжмал 22.4 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ 2023 оны 2 дугаар сард өмнөх сарынхаас тонн тутамд 86.1, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 3.8 ам.доллароор нэмэгдэж, алтны хилийн дундаж үнэ килограмм тутамд 2 мянган ам.доллароор багассан байна. Нүүрсний экспортын биет хэмжээ 2023 оны 2 дугаар сард 4.3 сая тонн болж, өмнөх сарынхаас 767.6 мянган тонноор, үнийн дүн 703.1 сая ам.доллар болж, 137.7 сая ам.доллароор нэмэгдлээ.

Импортын дүнд 2023 оны эхний 2 сарын байдлаар БНХАУ 35.5, ОХУ 28.1, Япон 8.7, БНСУ 4.3, АНУ 3.4, ХБНГУ 2.3 хувийг эзэлж, нийт импортын 82.4 хувийг бүрдүүлэв. ОХУ-аас импортолсон барааны 73.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 65.7 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 10.4 хувийг ачааны автомашин эзэлж байна. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 160.5 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 67.5 сая, ачааны автомашин 42.1 сая, нийтийн тээврийн хэрэгсэл 21.5 сая, бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор18.6 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт  экспортын 93.4 хувийг  эзэлж  байгаа  бол импортын 77 хувийг эрдэс  бүтээгдэхүүн, машин  механик  төхөөрөмж, цахилгаан  хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн  төмөрлөг, түүгээр  хийсэн бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлжээ.

Сэтгэгдэл бичих