Чингис хотод тавьж буй 10,2 км зам зургадугаар сард ашиглалтад орно

оруулсан Алсын Хараа

Хэнтий аймгийн төв Чингис хотод 10,2 км авто зам тавьж байгаа бөгөөд ирэх зургадугаар сард бүрэн ашиглалтад орох аж.  Тус ажлын тендерт "Тэгштплант" ХХК шалгарч 8,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 6,4 км авто зам, 3,8 км явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай, зарим томоохон газруудаар унадаг дугуйн замтайгаа иж бүрнээр нь гүйцэтгэхээр ажлаа эхлүүлсэн байна. Тэгвэл нийт ажлынхаа 80 шахам хувийг өнгөрсөн 2019 онд гүйцэтгэснийг мэргэжлийн байгууллага дүгнэжээ.

Тухайн ажлын гэрээний хугацаа энэ оны долдугаар сард эцэслэх юм."Тэгштплант" ХХК-ийн зүгээс энэ оны зургадугаар сард багтаан ажлаа бүрэн дуусгахаа аймгийн удирдлагуудад мэдэгдсэн бөгөөд гуравдугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны ажлаа эхлүүлсэн байна.

Өнгөрсөн оны хавар Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгийн дагуу Засгийн газар, тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус аймагт ажиллах үеэрээ эдгээр авто замын бүтээн байгуулалтанд шаардлагатай 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.

Сэтгэгдэл бичих