Монголчуудын түүх эхэлсэн өвөг дээдсийн нутаг, Дэлхийн өв, үндэсний бахархалт Бурхан Халдунаа зорьсон нь

оруулсан Алсын Хараа
“Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-Чоно, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж…” хэмээн Монголын нууц товчоо эхэлдэг. Бидний эх түүхийн гол сурвалжид ийнхүү тод томруунаар дурдагдсан анхны газар нутаг бол Бурхан Халдун уул.
Энд дурдагдаж буй Бурхан Халдун уул нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хэнтийн нурууны нэгэн оргил юм.
Дэлхийн өв, төрийн тахилгат, Үндэсний бахархалт Бурхан Халдун хайрхан нь Хиад Боржигоны өвөг Бодончарын үеэс тахин шүтэгдсээр иржээ. Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их эзэн Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүр өчсүгэй, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэсэн алдарт захиасаа буулгаснаар Монголчуудын их шүтээн уул болж Чингис хаан өөрөө тахиж байсан, Их хаадыг онголсон эрхэм дээд хайрхан юм.
сонин mn
сонин mn
Энэ их түүхийн жимээр алхах хөтөлбөрийг Монголын явган алхалтын холбоо, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа, НЭМҮТ хамтран хаврын налгар сайхан, дулаахан өдөр, монгол цэргийн баяр 2023.03.18-нд амжилттай зохион байгуулав.
Хайрхандаа бараалхах замдаа явган алхагчдын дунд өрнүүлсэн “НОМТОЙ АЛХАГЧ” номын хандивын аяны хүрээнд цугларсан номуудыг Төв аймгийн Мөнгөнморьт суманд байрладаг ШШГЕГ-ын хорих 417-р ангийн номын санд зориулан тус ангийн дарга П.Ууганбаяр болон хамт олонд гардуулан өглөө.
Ном хандивласан явдалд талархал илэрхийлж, халуун дулаан үг ярилцаж цаөш аян замдаа хөдөлцгөөв.
Нийт алхагчид Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Хэрлэн голоо өгсөн Үүд мод, Хойд хориуд, Бунханч, Солоочийг өнгөрөн Богд Яны гүүрээр гарч, Гурван сайханы голыг гатлан явсаар Босго тэнгэрийн даваанд хүрэв.
сонин mn
Босго тэнгэрийн даваанд алхалтын нээлтээ хийн эрчүүд Бурхан халдун хайрхан руу бараалхахаар хөдөлцгөөсөн бол бүсгүйчүүд “Босго тэнгэрийн даваанаас цааш харийн хүн, хатан хүн гардаггүй” гэсэн ёс уламжлалыг даган эрчүүдээ үдэн мордуулцгаасан юм.
Эмэгтэйчүүд Босго тэнгэрийн овооноос Бурхан Халдун хайрхандаа залбирч сүсэглэн өргөлөө өргөцгөөн давааны орчмын хог хаягдлыг сайтар цэвэрлэн алхцгаалаа. Тэндээсээ Дээд Цагаан аралд ирж орчны хог цэвэрлэж, тоглоом тоглож, бүжиглэн наадаж, амттай сайхан, хээрийн банштай цай, цуйван хийж идэцгээн, хайрханд бараалхсан эрчүүдээ удтал хүлээсний эцэст үдшийн бүрийгээр догдлол дүүрэн угтан эрч хүчийг авч хаалтын арга хэмжээгээ баяр хөөртэй хийцгээлээ. Энэхүү алхалтанд Монголын Явган Алхалтын Холбооны салбар Ахмад алхагчдын клуб, Хобби, Дорноговь, Орхон аймаг, Багахангай, Багануур, болон бусад дүүргүүдийн гишүүн нийт 75 алхагчид хамрагдсан бөгөөд байгаль орчинд ээлтэй, түүхийн жимээр алхаж мэдлэгээ тэлсэн дурсамж дүүрэн сайхан алхалт боллоо.
сонин mn
сонин mn
сонин mn
Дашрамд дурдахад Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны Г.Чинболорын зүгээс Бурхан Халдун хайрхан, түүнийг хүрээлсэн тахилгат газрын талаар мэдлэг мэдээлэл өгөхийн зэрэгцээ монгол улс, үндэстний өв уламжлал, үүх түүх, бахархлын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн нь явган аялагчидад таатай байлаа.
Дурсамж дүүрэн сайхан алхалт зохион байгуулсан холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ, алхалтын удирдагч А.Болдсүх, хамртан оролцсон байгууллага, нийт алхагчидад талархал илэрхийлье.
Даяар Монголын бахархалт шүтээн БУРХАН ХАЛДУН ХАЙРХАН-ы сүр хүч биднийг мөнхөд ивээж байх болтугай!

Сэтгэгдэл бичих