Ж.Сүхбаатар: 2024 оны зургаадугаар сараас өмнө дүүжин тээврийн эхний шугамыг ашиглалтад оруулна

оруулсан Алсын Хараа

Замын хөдөлгөөн зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар сайд, түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга мэдээлэл өгөв.

Сайд Ж.Сүхбаатар "Замын хөдөлгөөн зохицуулалтын хувьд богино хугацаанд үр дүнд хүрч болохыг бид харсан. Олимпын гудамжны уулзвар, Зайсанд хийгдсэн зогсох хөдөлгөөн зохицуулалт түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулж байгаа. Зайсан-Яармаг чиглэлийн замын хөдөлгөөний нэвтрэх эрчмийг 37 хувиар сайжруулсан үр дүн гарчихсан.

Цаашид Их тойруу, Бага тойруу, хотын төвийн замын хөдөлгөөнд томоохон хэмжээний туршилтын зохицуулалтууд наадмын дараа хийгдэнэ. Зайсан, Яармагийн замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтийн үр дүнгээс дутахгүй байх тооцоолол байгаа.

Үүнээс гадна эрх зүйн зохицуулалт, хуулийн төслийн асуудлууд яригдаж байна. Тухайлбал, нийслэл рүү эрхээ шилжүүлж байгаад түгжрэлийн бүс тогтоох, ямар зохицуулалт хийх асуудалд сайд нар байр сууриа нэгтгэх шаардлагатай учраас удааширч буй тал бий.

Нуулгүй хэлэхэд, хотын оршин суугчдын шүүмжлэлтэй тулгарах байдал бас байна. Гэхдээ дэлхийн бусад улс орны хандлагыг харахад оршин суугчдынхаа 60-70%-ийн эсэргүүцэлтэй тулдаг шийдлүүд байдаг юм байна. Тиймээс сайтар тооцоолно.

Дандаа зам барьж, хөдөлгөөний зохицуулалт хийгээд түгжрэлийг шийдэхгүй, эдийн засгийн механизмаар шийдэгдэх асуудал" хэмээн ярилаа.

"Удаан хугацаанд яриад гацсан төсөл нь дүүжин тээвэр. Миний хувьд дүүжин тээврийн төслийг Францын талтай тохирсон. 2024 оны зургаадугаар сараас өмнө дүүжин тээврийн эхний шугамыг ашиглалтад оруулна. Төслөө хэрэгжүүлнэ, ажлыг урагшлуулж байна.

BRT хамгийн хурдан хугацаанд хэрэгжих боломжтой төсөл. Санхүүжилтийн эх үүсвэр ерөнхийдөө шийдэгдсэн. УИХ-аар батлуулахаар оруулах асуудал байгаа юм.

Тусгайлсан эгнээ бүхий автобус буюу BRT-г Энхтайваны өргөн чөлөө юмуу Ард Аюушийн өргөн чөлөөний аль нэгээр явуулна. Төлөвлөсөн ёсоор ирэх жилээс ажил нь идэвхжих дүр зурагтай. Дүнжингаравын орц, гарцын асуудал хөрөнгө, мөнгөний асуудлаас удааширч буй.

Ойрын үед Гурвалжин, Хархорин захад ажиллана. Алтай хотхонд ч очиж хийгдэх бүтээн байгуулалтын нөхцөл байдлыг судална" гэсэн мэдээллийг сайд Ж.Сүхбаатар өгөв. Түгжрэлийг бууруулах асуудал удаан байна зэрэг шүүмжлэл байгааг хүлээж авна.

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт сургуулийн автобусыг оролцуулаад 400 гаруй шинэ автобусыг авчирсан. Парк шинэчлэлийн хоёр дахь шатны ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байна. 87 ширхэг цахилгаан автобусыг есдүгээр сарын 1-н гэхэд, 650 ширхэг Евро-5 стандартад нийцсэн эко автобусыг намар гэхэд оруулж ирнэ.

Нийтийн тээврийн жолооч нарын сургалт, авто баазын асуудлыг шийдвэрлэх, зарим дүрэм журмыг өөрчлөх асуудлуудыг анхааран ажиллаж байна. Ирэх өвөл нийтийн тээврийн салбарын уналтыг давтагдуулахгүй байхыг Засгийн газарт танилцуулсан"  болохыг Монгол Улсын сайд, түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээлэв.

Сэтгэгдэл бичих