Ч.Хүрэлбаатар: Инфляцын түвшин тасралтгүй бууж байна

оруулсан Алсын Хараа

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд инфляцын нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдрийн байдлаар инфляцын түвшин 12 хувь байна. Хамгийн өндөр түвшинд хүрсэн цаг хугацаа бол 2022 оны зургаадугаар сар. Зургаадугаар сард инфляц 16.1 хувь байв. Инфляцын түвшин тасралтгүй бууж байна. Энэ оны эхний хагаст багтаад нэг оронтой тоо руу орох болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа. Бидний худалдааны гол түнш орнуудад инфляцын түвшин бууж байгаа юм. Үндсэндээ мөнгөний бодлогоор зохицуулах арга хэмжээ рүү шилжсэн. Тиймээс инфляцын түвшин цаашдаа ч бууна гэсэн ерөнхий хүлээлттэй байна.

Инфляцын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээгээ цааш үргэлжлүүлнэ. Төсвийн бодлогын арга хэмжээнүүд бий. Уг арга хэмжээний хувьд үндсэн тэнцэл байдаг. Энэ бол эерэг байгаа. Өөрөөр хэлбэл, олж байгаа мөнгө нь их, зарцуулж байгаа нь бага гэсэн үг. Төсвийн болон мөнгөний бодлого адил хэмжээнд жигд хэрэгжиж байгаа.

Валютын нөөц 3.3 тэрбум ам.долларын хэмжээнд байна. Бараа бүтээгдэхүүний өрсөлдөөнийг нэмэгдүүлж байж, инфляцыг бууруулах үндсэн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн чиглэлээр Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа.

Эдийн засгийн өсөлт 4.8 хувь байгаа юм. Өнгөрсөн онд бодит орлого нь хамгийн ихээр буурсан нь хөдөөгийн өрхүүд байна. Арьс шир, ноолуур, махны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас авсан. Үр дүнгээ өгч байгаа. Түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь малчин өрхийн орлого нэмэгдэх суурь болж байна.

Макро эдийн засгийн үндсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, инфляцын бууруулах бодлого баримтлах хамгийн зөв" гэсэн юм.

Сэтгэгдэл бичих