БНХАУ-ын “South China Morning Post” сонины эхний нүүрт 2023 оны гуравдугаар сарын 21-ны өдөр хэвлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хятад Улсаас багагүй хамаардаг эдийн засгаа төрөлжүүлэхийг Монгол Улс эрмэлзэж, Ерөнхий сайд нь олон улсын хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байна.
- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ болон БНХАУ-ыг дэлхийн эдийн засгийн сэргэлт болон байгаль орчны асуудалд илүү манлайлахыг уриалав.
- Энэ хоёр улсын бодлогын ялгаа, сөргөлдөөнтэй байдал бусад улс орны иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх ёсгүй гэж тэр хэлэв.
Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, нэг зах зээлээс хараат байдлаа багасгахын төлөө байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд хэлээд АНУ болон БНХАУ олон улсад үүсээд буй хүндрэл, бэрхшээл, ковидын дараах сэргэлт, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлыг шийдвэрлэхэд ачааны хүндийг үүрэх ёстой гэж тэдэнд хандаж уриалав.
Эдийн засгаа сэргээхээр чармайхын зэрэгцээ геополитикийн сорилттой тулгарч буй түүнтэй South Morning China Post-ын сэтгүүлч Улаанбаатар хотноо ярилцсан юм. “Бид дэлхийн бүх улс оронтой, бүх хөрөнгө оруулагчидай хамтран ажиллаж, ажил хэрэг эхлүүлж, бизнес хийхэд бэлэн байна” гэж тэрбээр хэллээ.
Монгол Улс олон тулгуурт эдийн засагтай болохын тулд Европын холбоо, Франц, Герман, Япон, Солонгос зэрэг улсуудтай тодорхой салбаруудад хамтран ажиллахаар яриа хэлэлцээ хийж байна гэж тэрбээр онцоллоо.
Хятад, Орос хоёр улсын дунд байрлалтай Монгол Улс нь дэлхийн далайд гарцгүй, том газар нутагтай хоёр дахь улс бөгөөд Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш сүүлийн 30 жил ардчиллын замаар замнаж буй юм.
Л.Оюун-эрдэнэ 42 насандаа Ерөнхий сайд болсон бөгөөд тус улсын хамгийн залуу удирдагчдын нэг юм. Ардчлсан хувьсгалын үед түүний хүүхэд нас өнгөрсөн байна. Монгол Улсын нийт хүн амын 65 хувь нь 40-өөс доош насны залуучууд гэдгийг тэрбээр онцлов.
Газар зүйн байрлал нь Монгол Улсыг олон улсын худалдааны болон дипломат харилцаанд дундын байр суурийг баримтлахаас өөр аргагүй болгодог гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Дэлхий даяар цаг уурын өөрчлөлт, өлсгөлөн, ядуурал зэрэг сорилттой тулгарч буй энэ цаг үед аливаа улс оронтой харилцахдаа Монгол Улс харилцан ойлголцсон, хүндэлсэн, энхийг эрхэмлэсэн байр суурийг ямагт баримтлах болно гэж тэр онцолсон.
Тэрбээр, “Манай улс Орос болон Хятад улстай хэрхэн харилцах талаарх маргаан мэтгэлцээн байдаг л юм. Гэхдээ хоёр хөрш маань бидний газар зүйн байрлалаас шалтгаалсан онцлогийг ойлгож байгаа гэдэг бид итгэлтэй байдаг бөгөөд талархалтай ханддаг” гэсэн юм.
Олон улсад үүсээд буй геополитикийн асуудалд тэрбээр байр сууриа илэрхийлэхдээ, “Том гүрнүүдийн сөргөлдөөний хөлд жижиг улсууд өртөх ёсгүй бөгөөд энгийн ард иргэд сөрөг үр дагаварыг нь амсах ёсгүй. АНУ болон БНХАУ хоёулаа дэлхийн их гүрний хувиар олон улсын асуудалд манлайлж оролцох үүрэгтэй” гэж хэллээ.
“Байгалийн баялгийн хэмжээ дэлхий даяар буурч байна. Энэ асуудалд бид анхаарч хамтран ажиллах шаардлагатай. Хэдийгээр АНУ болон БНХАУ-ын хооронд ялгаатай тал их байгаа ч дэлхий нийтийн өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэх үүрэг, хариуцлага, боломж нь адил тэгш байгаа гэдэгт би итгэлтэй байна ” гэж Л.Оюун-Эрдэнэ нэмж хэллээ.
Монгол Улс сүүлийн саруудад АНУ болон БНХАУ-тай гэрээ хэлцэл идэвхтэй хийж буй. Тухайлбал, наймдугаар сард Монгол Улс БНХАУ-тай хамтын ажиллагааны баримт бичиг байгуулснаар хоёр улсын худалдааны харилцаа сайжирсан.
Өнгөрсөн сард Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын хоёр талт яриа хэлэлцээрийн дэх дэх уулзалтыг Вашингтонд зохион байгуулсан. "Хоёр улс эдийн засагт тулгарч буй сорилтод хамтран хариу арга хэмжээ авах талаар ярилцаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх боломжийг судалж, ашигт малтмал, эрчим хүч, дижитал эдийн засаг зэрэг чухал салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон" гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдсэн юм.
Гадаад хамтын ажиллагааны сайн жишээгээр “Рио Тинто”-той хамтран эзэмшдэг Оюутолгой төслийг Монгол Улс онцолж байгаа юм. Гуравдугаар сарын 13-нд Оюу Толгойн гүний уурхайн нээлт болсон бөгөөд энэ төсөл удаан хугацааны амаргүй яриа хэлэлцээрийн дараа ийнхүү гараанаас гарч байна гэж талууд онцолж байв.
Монгол Улсын шинэ залуу үе барууны соёлд түлхүү шимтэх болсон. Гэвч өнгөрсөн оны тав болон зургаадугаар сард “Сант Марал” судалгааны байгууллагын 1200 хүнээс авсан санал асуулгаас харахад, судалгаанд оролцсон хүмүүсийн 83.8 хувь нь ОХУ-ыг, 36 хувь нь БНХАУ-ыг, 17.7 хувь нь АНУ-ыг хамгийн сайн хамтрагч хэмээн үзсэн байна. Судалгаанд оролцогчдын 20.8 хувь нь Орос, Украины дайнд украинчууд буруутай гэж үзсэн бол 10.4 хувь нь Орос Улс буруутай гэж хариулжээ.
Украины дайнд Оросыг буруутгах НҮБ-ын санал хураалтад удаа дараа түдгэлзсэн Монгол Улсад дайны нөхцөл байдал олон талаар хүндээр тусаж байна. Тухайлбал, дизель түлш, уул уурхайн тэсэлгээний бодис, хүнсний бүтээгдэхүүн, ургамлын тосны импорт доголдож, Монгол Улс агаарын орон зайн төлбөрөөс орж ирдэг орлогоо бүрдүүлж чадахгүй хэмжээнд хүрлээ гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн LSE IDEAS судалгааны төвд 30 жилийн турш Монголыг ажиглаж буй судлаач Билл Бикалес “Украинд түрэмгийллээ гээд Монгол Улс Оростой харилцаа муутгах нь юу л бол” гэж мэдэгджээ.
Тэрбээр, “Монгол Улс НҮБ-ийн санал хураалтад байнга түдгэлздэг. Монголд Оросыг буруутгах хүн цөөхөн. Орос Улсад элэгтэй байх нь монголчуудын хувьд Хятадын нөлөөг бууруулах хүч гэж тэд боддог” гэсэн байна.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятад Улсыг хамгийн том худалдааны түнш гэж онцолсон. Монголын экспортын 95 хувь нь Хятад руу гардаг. Хятад Улс Монгол Улстай 2022 онд 13.7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн бөгөөд энэ нь Монгол Улсын гадаад худалдааны 64.3 хувийг бүрдүүлжээ. Монголоос Хятад руу гаргасан нийт бараа бүтээгдэхүүний 56.8 хувийг нүүрс, 25.9 хувийг зэсийн баяжмал эзэлдэг байна.
Хэдийгээр төмөр замын хил холбох цэгийг тодорхойлох асуудал хоёр талын үл ойлголцлоос үүдэн удааширсан ч 2022 оны 11 дүгээр сард Монгол Улс БНХАУ-тай холбогдох гурав дахь төмөр замыг нээсэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
“Ирээдүйд бид Хятад Улстай эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх болно. Хятад Улс манай улсын дотоод асуудалд оролцдоггүй бөгөөд Монгол Улсын ард түмний сонгосон хөгжлийн зам, засаглалын тогтолцоог хүндэтгэдэг” гэж тэр нэмж хэллээ.