Шангри-Ла зочид буудлын их хүлээн авалтын өрөөнд "Дараачийн Оюутолгой хаана байгаа вэ?" сэдэвт хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
Хурлын үеэр гаднын хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулахад ямар асуудал тулгардаг, юуг сайжруулах шаардлагатай талаар Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Б.Зандангаас тодруулав.
Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд Монголд хэдэн асуудал тулгараад байгаа. Жишээлбэл, нэг хайгуулын компани нөгөөдөө лицензээ худалдах тохиолдолд татвар нь буруу ногддог. Төслийн үнийн дүн, зах зээлийн үнэлгээнд татвар тавигддаг. Төслийн үнийн дүнг өөдрөгөөр тусгасны дараа хөрөнгө оруулагчид мөнгөө оруулдаг. Гэвч тэр үнийн дүн дээр нь татвар тавигдчихдаг.
Хайгуулын компани гэдэг бол эрсдэлээ үүрээд, орлого олохгүй, зөвхөн зардал гаргадаг. Хайгуулаа хийчхээд цаашдаа уул уурхайн төсөл болгон хөгжүүлж үйл ажиллагаа явуулах боломжтой компанид зардаг. Гэтэл лиценз зарах татварыг нь өндөр ногдуулаад байвал Манайд хайгуулын компани орж ирэхээ болино. Компани ашигтай ажиллах зорилготой. Тэгэхээр хайгуулын компанийн Монголд ирэх орчныг бүрдүүлж, татвараа гэрээний үнийн дүн дээр ногдуулах хэрэгтэй.
Хоёрдугаарт шүүхийн шинэчлэлийн талаар ярилцах юм. Манай танхимын гишүүн байгууллагууд шүүх дээр очиход маргаанууд нь 3-5 жил хүртэл удах тохиолдол байдаг. Гаднын Арбитрын шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал Монголд ирээд шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээрээ уддаг.
Жишээлбэл нэг бизнесийн байгууллага нөгөөдөө гэрээний дагуу мөнгө төлөх ёстой байхад, шүүхэд очтол хүү бодогддоггүй. Таван жилийн дараа шүүхийн шийдвэр гарахад хүү бодогдоогүй байдаг. Гэтэл мөнгөний үнэ үргэлж унаж байгаа. Тиймээс шүүх дээр очиж байгаа хэрэгт хүү тооцож байх хэрэгтэй.
Монгол Улс газар зүйн байршлын хувьд хязгаарлагдмал, их хэмжээний хөрөнгө оруулалт татахад өрсөлдөх чадвар өндөр газар биш. Далайд гарцгүй учир европчуудад хол санагдана. Тэгэхээр ирж байгаа хөрөнгө оруулагчдаа гомдоохгүй явуулах чухал юм.
Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахад тог, дэд бүтэц байхгүй, тусгай зөвшөөрөл авахад хүнд суртал өндөр гэх мэт сайжруулах зүйлс байна. Европчууд Монголд хөрөнгө оруулах сонирхол их байгаа ч бизнесийн орчныг сайжруулах хэрэгтэй байна" хэмээн ярив.