Ч.Батзаяа: Бүргэд бол казах түмний сэтгэл зүрхний жигүүр, хүндлэл, бахархал

оруулсан Алсын Хараа
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаа “Аян трэйвел” ХХК-ийн захирал, аялагч, гэрэл зурагчин Ч.Батзаяаг урилаа. Түүний “Аян” төслийн хүрээнд гаргаж буй гурав дахь цуврал болох казах түмний онцлог, аж байдал, шувуулах соёлын тухай өгүүлсэн “Бүргэд” ном уншигчдад очоод удаагүй байгаа билээ.
ДЭЛХИЙН ШУВУУГААР АН ХИЙХ ЗАН ҮЙЛ 4000 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ
сонин mn
-Өнөөдөр казах түмний Нарны баяр буюу  Наурызын өдөр. Монгол үндэстний нэгээхэн хэсэг болж, үндэсний өв, соёл уламжлалаараа дэлхийг “гоёж” байгаа энэ ард түмний баярын өдөр таны “Бүргэд” номын хуудсыг эргүүлээд сууж байгаа нь содон, сайхан давхцал юм. Энэ бүтээл таны их олон жилийн хөдөлмөр зүтгэл гэдэг нь мэдрэгдэж байна?
 -Баярлалаа. Тийм сайхан тохиол боллоо. Миний олон жилийн хөдөлмөр. Энэ удаагийн “Бүргэд” ном “National geographic” гэсэн дэлхийн брэндийн лого тамга бүхий нэрээр гарч буйгаараа онцлогтой. Мөн Монголын үндэсний хэвлэлийн томоохон “Нэпко” хэвлэлийн компанийн шүүлтээр хянагдсан төдийгүй Монголын шилдэг нийтлэлчид  Б.Баабар, Б.Цэнддоо нарын үнэтэй зөвлөгөө, дэмжлэгээр бүтсэн гэдгээрээ давуу талтай. Мөн сүүлийн “Цаатан”, “Бүргэд” номоо гэрэл зурагчин Х.Энхжаргалтай хамтарсан нь онцлог байлаа.  Түүнээс гадна шувуу судлаач Г.Майнжаргал, судлаач биологич Д.Энхбилэг, судлаач Ч.Отгондаваа нар энэхүү номонд гар бие оролцсон.
Миний хувьд аялал жуулчлалын салбарын мэргэжлийн хүн, “Аян Трэйвел” компанийн захирлын албыг хашдаг. Манай компани энэ салбарт 20 гаруй жилийн туршлагатай. Харин ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан камер бариад мөн 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд ихэвчлэн байгалийн зураг авдаг байсан бол сүүлийн жилүүдэд монголчуудын өв уламжлал ялангуяа үндэсний цөөнхийн соёлыг  судалж, түүнийг олон улсад таниулах, аялал жуулчлалын салбарт эерэг байдлаар хэрхэн тусгах талаар бүтээл, туурвил хийж байна. Энэ ажлынхаа хүрээнд “Аян” төслийг санаачлан нэг жилийн хугацаанд гурван цуврал номоо уншигчдын гарт хүргэлээ. Эхнийх нь Монголын бахархал цоохор ирвэсийн тухай байсан бол удаах нь цаатнуудын онцлогийг харуулсан “Цаатан”, гурав дахь нь өнөөдрийн бид хоёрын ярилцаж буй “Бүргэд” ном юм.
“Бүргэд” номд “Монгол Алтайн бүргэдийн соёл” гэсэн дэд гарчигтай хэсэгт Монголын казахуудын бүргэдээр ан хийдэг шувуулах соёлын талаар өгүүлсэн нь учиртай. Дэлхий дээр шувуугаар ан хийх зан үйл нь 4000 гаруй жилийн түүхтэй гэсэн судалгаа байдгийг онцолж, түүнийг хүмүүст хүргэхийг зорьсон. Дэлхийн энэ соёл, уламжлал Төв Азийн нүүдэлчдээс буюу монголчуудаас эхтэй гэж хэлж, ярьж болохоор судалгааны сурвалжууд ч байдаг. Тэгэхээр энэ номын эхний хэсэгт монголчуудын шувуулах түүх, харцага, шонхор, бүргэдээр ан хийлгэх тухай танин мэдэхүйн мэдээллүүдийг оруулсан.
Ерөнхийд нь дүгнэвэл Монгол Алтайн бүргэдийн соёл буюу казахуудын шувуулах ёс заншилтай  холбоотой цогц мэдээлэл, гэрэл зургууд багтсан гэж хэлж болно.
-Зөвхөн гэрэл зураг юм уу гэхээр дотроо танин мэдэхүйн мэдээлэл, инфографик, ярилцлага бүхий цогц бүтээл болсон нь сонирхолтой санагдлаа?   
-Яг энэ цаг үед Баян-Өлгий аймагт шувуулах соёлоо ахуй амьдралынхаа хамтаар тээж, түгээн дэлгэрүүлж яваа бүргэдчидийн ярилцлагыг түлхүү оруулсан. Тухайлбал, энэ цаг үеийн шилдэг  бүргэдчидийн багш Байтэй гуайн  өмнө нь  надад өгсөн ярилцлагаас ч оруулсан нь бий. Харамсалтай нь хоёр жилийн өмнө бурхан болсон. Мөн дэлхийд Монголын, казахуудын нэрийг гаргасан  Н.Айшолпан охинтой ярилцсан. Түүнээс гадна үеэс үед шувуулах соёлыг өвлөж, уламжилж ирсэн бүргэдчидийн тухай багтсан. Тэднээс өнөө цагт Монголын казахуудын сүр хүч, баатарлаг түүхийг уламжилж, цахим ертөнцөд ч хамгийн олон дагагчтай болсон С.Женисбек  гэдэг  бүргэдчин залуугийн тухай мөн онцоллоо. Тэдний хэрхэн бүргэдчин болсон түүх, шувуулах соёл нь  ямар баяр баясгалан авчирдаг болон тэсвэр тэвчээрийн хязгааршаарддаг, ямар ёс заншилтай болох нь уншигчдын хувьд сонирхолтой байх. Энэ уламжлалыг цаашид хадгалж  явахын тулд ямар алхам хийх, түгээн дэлгэрүүлэхэд хэрхэн анхаарах зэргээр ярилцаж, сонирхолтой санаануудыг онцолсон.
Шувуулах соёл нь НҮБ-ын ЮНЕСКО-гийн Соёлын өвийн жагсаалтад багтсаныг уншигчид мэдэж байгаа болов уу. Тиймээс бид дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж  энэ соёлыг хадгалан  хамгаалж, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Дэлхий дээр анх 60 гаруй орон шувуугаар ан хийдэг байсан хэдий ч өдгөө 24 оронд энэ соёл үлдсэнийг ЮНЕСКО “биет бус өв” мөн хэмээн бүртгэсэн. Мөн казах түмний  бахархал, шувуулах соёлд чухал үүрэг гүйцэтгэгч цармын бүргэд гэж ямар онцлогтой шувуу, яагаад энэ шувууг ан гөрөөнд ашиглаж буй тухай дэлгэрэнгүй тайлбарлан мэдээлэхийг зорилоо.
-Өнөөдөр дэлхий Монголын казахуудын амьдрал, өв соёлыг сонирхож байна. Тэгэхээр энэ ард түмний үнэт зүйл, гол онцлог нь юу юм бол?
-Бүргэд хараа их хурц, хурдтай шунган дайрахад зохицсон өвөрмөц бие махьбодтой махчин шувууны нэг төрөл. Харин Алтайн хөх хязгаарт гайхалтай сүрлэг уулс оршихоос гадна  тэнд  онгод хийморь, сүр хүч бий. Тэр сүрлэг сайхан нутагт үзэсгэлэнт байгаль, бүргэд, бүргэдчин гурав байгаа нь өөрөө төгс хослол юм. Бидний  зургууд ч түүнийг л онцлон харуулж, мэдрүүлэх  зорилготой. Магадгүй зүгээр нэг тал байсан бол энэ соёл үлдэх байсан болов уу гэж бас боддог шүү. Хэрэв үлдлээ ч арай л өөр байх байсан ч юм билүү. Тэгэхээр өнөөдөр казах түмний шувуулах соёл дэлхийн анхаарлыг татаад байгаа нь байгаль, хүн, шувуу гурав зохицох шалтгаан нь Монгол орны алс баруун Алтайн уулс аргагүй мөн гэж бодогддог.
Бүргэдчин нэг бүргэд бариад түүгээр насан туршдаа ан хийлгэдэггүй. Барилаа, сургалаа, заалаа. Хэрэв сурахгүй бол 1-2 жилийн дотор буцааж байгальд нь тавина. Мөн нэг сургасан бүргэдээр долоогоос найман жил ан ав хийлгээд буцааж байгальд нь тавьдаг заншилтай.
Үүгээрээ тухайн амьтны байгалийн жамаараа  үржих, үр удмаа үлдээх боломжийг олгодог хүй байгальдаа ээлтэй уламжлалт заншилтай. Үүнээс гадна аав, хүү, ах дүү гээд ойр дотно бүлээрээ  нэг бүргэдтэй байх нь ч бий.
-Казахууд бүргэдээ гэр бүлийн гишүүн мэт хүндэлж, дээдэлдэг гэх юм билээ?
-Бүргэд нь казах түмний үнэт бэлгэдэл юм. Тиймээс ч “Сайн морь, дайчин бүргэд бол Казахын жигүүр юм” гэсэн хэлц үг байдаг. Бүргэд бол казах түмний сэтгэл зүрхний  жигүүр, хүндлэл, бахархал, баяр баясгалан. Энэ  шувуу тэр айл, гэр бүлийн нэгэн гишүүн мэт хамт амьдардаг онцлогтой. Арчилгаа, хооллолтод нь гэр бүлийн гишүүн бүр анхаарал тавина. Бүргэдийн  тэжээлд  давстай зүйл байх ёсгүй,  казахууд өвлийн идшээ бэлдэхдээ бүргэддээ тусгайлан хоолыг нь базаадаг  уламжлалтай. Хэрэв бүргэдтэйгээ айлд орвол тухайн айл баярлаж, гар цайлгана гэдэг шиг бүргэдэд нь хүртэл бэлэг өгдөг ёс бий. Энэ нь бүргэдтэй анчин  тэр гэр бүлд  аз хийморь, баяр баясал бэлэглэж байна хэмээн  бэлгэшээдэгтэй  холбоотой юм. Мөн бүргэд байгаа газар аз жаргал бий гэж хуучилна. Тэгэхээр энэ жигүүртнийг ард  түмний хүндлэл, бишрэл гэж ойлгож болно.
Өнөөдөр  уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжил, ахуй  амьдралын шинэ хэв маягаас шалтгаалаад амьтны эрхийн тухай асуудал хөндөгдөх болсон нь  бүргэдээр ан хийлгэх заншил  багасахад нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ чинь Монголын нэг үнэт, өв соёл гэдгийг бид дэлхийн нийтийн өмнө тунхаглаж, үүрэг хүлээсэн учраас хадгалж, гээхгүйгээр  магадгүй спорт хэлбэрээр нийцүүлэн хөгжүүлэх тухай ч ярьж болзошгүй юм. Өмнө нь ан авын хэлбэрээр аж амьдралдаа ашиглаж байсан бол одоо өв соёл тээгч, сонирхогч, цаашлаад аялал жуулчлалыг татах нэг бүтээгдэхүүн болгон, сурталчлах болжээ.
-Магадгүй хобби, спорт хэлбэрээр хөгжүүлэхэд мартагдсан өв уламжлал сэргэх, үүнийгээ дагаад бүргэдчид байнгын орлоготой болох боломж бий юу?     
 -Мартагдсан уламжлал сэргэж байгаа  нь тодорхой харагдаж байна. Хэрэв “Бүргэдийн баяр” зохион байгуулдаггүй байсан бол энэ соёл өнөөдрийнх шиг сэргэх байсан нь эргэлзээтэй. Гадаад, дотоодын  олон жуулчныг татаж, анхааралд нь өртөх байсан болов уу. Өнөөдөр гэхэд бидэн рүү  АНУ-ын алдартай сонины газраас  эдгээр зургуудын тухай ярилцлага авъя гэсэн хүсэлт ирсэн байна. Энэ бол  дэлхий энэ соёлын тухай сонирхож байгааг харуулж байна. Аялал жуулчлал энэ соёлыг хадгалж үлдэх, бүргэдчидийг ахуй амьдралаа сайжруулахад нь хувь нэмэртэй хувилбар юм.
Би 1998 оноос ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалаад казахууд болон цаатнуудын амьдралыг нь сонирхож эхэлсэн юм. Одоогоос 20 гаруй жилийн өмнө Баян-Өлгий аймаг гэж алс хол, казахууд амьдардаг гэсэн төсөөллөөс өөр ямар ч мэдээлэлгүй байлаа. Харин аялал жуулчлал хөгжихийн хэрээр очиж, аялах  бүртээ тухайн аймгийн байгалийн сайхныг мэдэрч, биширдэг болсон. Баян-Өлгийд очих бүртээ казах түмний найрсаг, зочломтгой зан чанарыг ойлгож мэдэрч, хүндлэх сэтгэл төрдөг.
-Залуу үеийн казахууд шувуулах соёлоо өвлөх, түгээн дэлгэрүүлж, сурталчлах хүсэл эрмэлзэл нь хэр их байдаг вэ?
-Ямар ч орны соёлыг тээж яваа хүн нас ахих тусам хуучнаа санагалзах, мэдэж, ойлгосон нандин өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэх бодлыг сэтгэлдээ тээж явдаг юм байна. Энэ нь казах түмнээс ч мэдрэгддэг. Хүн бүр бүргэдчин болъё гээд болчихдоггүй. Үеэс үед, гэрээс гэрт, ааваас хүүд уламжлагддаг. Тэгэхээр казах хүн бүрийг бүргэдчин гэж ойлгож болохгүй. “Бүргэд” номд 10 гаруй жилийн өмнө авсан зургууд ч орсон. Тухайн үед 17 настай байсан хүү өнөөдөр 30 нас хүрсэн байна. Номонд зураг нь орсон хэд хэдэн буурлууд тэнгэртээ одсон байна.
-“Бүргэд” номд бүргэдчиний нэг жилийн хуанлийг нийтэлж өгсөн нь сонирхолтой санагдсан. Та хүссэн хүн бүр бүргэдчин болдоггүй гэж хэллээ?
-Бүргэдийг сургаж, уяа сойлгыг тааруулах нь ардын уламжлалт арга ухаан, ёс заншил юм. Бүргэдийг гуравдугаар сараас эхлэн түлхүү тэжээн тэнхрүүлж, наймдугаар сараас идэш хоолыг нь аажмаар багасгаж, хүч тамирыг нь тогтоосноор сойлгыг нь тааруулдаг. Анч шувуудыг арчлан тэжээхдээ тухайн цаг хугацаа, улирлаас шалтгаалан нэгдүгээрт, тэнхрүүлж гуужуулах үе, хоёрдугаарт, ан авын өмнөх бэлтгэл сойлгын үе гэж ерөнхийд нь ялган хуваарилж тухайн шувууны тарга хүч, биеийн сойлгыг хэвийн жигд байлгахаар тооцоолж хоолыг нь тохируулдаг.
Намар сэрүүсэж эхэлмэгц бүргэдийн зан төрх өөрчлөгдөж, хөдөлгөөнтэй болдог. Сойлгод сууж эхэлсэн бүргэдэд анд гарах хугацаа ойртсоныг мэдрэх байгалийн мэдрэмж (рефлекс) бий. Алтайд намар аравдугаар сарын дундуур, зарим жил арай хожуу анхны цас ордог. Анхны цас орж ангийн мөр үзэгдэхээр уул самнан хэд гурваараа нийлж бүргэдээ авч анд морддог. Анхны цаснаар авд гарахыг “қан сонар” гэдэг. Бүргэдчидийн хамгийн хүсэн хүлээдэг үе юм.
НАУРЫЗЫН БАЯР МОНГОЛЫН КАЗАХУУДЫН СОЁЛЫН ҮНЭТ ӨВ
сонин mn
-Бүргэдээ уулнаас барьж ирчихээд ёслол хийдэг гэж сонссон. Энэ тухай та дэлгэрүүлээч?
-Казах түмэн шар шувууг бас бэлгэддэг. Бүргэдээ бариад ирэхэд нь тухайн айлын хамгийн өндөр настай эмэгтэй шувуундаа шар шувууны өд зүүж өгдөг уламжлалтай. Айл хотлоороо цугларч ёслол хийнэ. Энэ үеэр ахмадууд  ямар бүргэд болохыг нь шинждэг уламжлалтай.
-Цармын бүргэдээр шувуучилдаг орнуудаас Монголын казахуудын онцлог ялгаа гэж бий юу?
-Монголын казахуудын гол онцлог, бахархал нь эртнээс уламжилж ирсэн энэ өв соёлыг тэр хэвээр нь  хадгалж, одоо ч  морьтой анчин  бүргэдээ авч явж байгаа нь юм. Зарим оронд машины цонхоор шувуугаа анд тавьж байгаа нь бичлэгт харагддаг. Ийм л битгий болоосой хэмээн бодож, энэ тухайгаа бүргэдчидтэй ярилцдаг.  Өнөөдөр Монголын бүргэдчидийг харах, үзүүлбэрийг нь сонирхох гэж дэлхийн өнцөг булан бүрээс алдартай гэрэл зурагчид ирж байгаа нь уламжлал сайн хадгалагдсантай нэг талаараа холбоотой. Нөгөө талаараа Алтайн сүрлэг уулс дэндүү сайхан орчныг бүрдүүлж өгч байна.
-Бүргэдээ анх байгалиас барихдаа юуг анхаардаг юм бол. Бүргэд бүр анчин болдоггүй гэж та дээр дурдсан?
-Казахууд эм бүргэдийг сонгон сургаж, анд тавьдаг. Эм бүргэд илүү хүчтэй, биерхүү, зоригтой дайчин байдаг гэдэг. Барьсан бүргэд нь сурдаг, сурдаггүй янз бүрийн шувуу таардаг гэлцэнэ. Зарим нь ааш төрх түрэмгий, догшин, харахад халгамаар байхад нөгөө хэсэг  нь их зөөлөн, эзэндээ эрхэлсэн араншинтай байдаг тухай  бүргэдчидтэй ярилцаж байхдаа сонсож байлаа.
Бүргэд хэдийгээр тэнгэрийн амьтан ч эзэн нь зөв, аргаар сургаж чадвал их амархан дасдаг. Харин уцаарлаж, хатуурхвал  санамж сайтай учир нисчихээд буцаж ирдэггүй онцлогтой гэдэг. Дэлхий дээр 60 гаруй зүйл бүргэд бий гэдэг. Монголын казахууд цармын бүргэдийг анд сургаж, ан ав хийлгэж байна.
Энэ зүйлийн  бүргэдийн 120 мянга гаруй бодгаль манай дэлхий дээр бий гэж судлаачид тооцоолсон  байдаг. Бүргэдийн бусад  зүйлээр нь ан хийлгэж буй орон ч байна. Харин цармын бүргэд  илүү хурц хараатай, эрэмгий, хүчтэй, хурдтай шумбаж, ан руугаа зоригтой дайрдгаараа онцлог. Манай оронд түгээмэл тархсан махчин шувуу  гэж хэлж болно.
-Үзүүлэх тоглолтоос харахад ихэвчлэн үнэг бариулж байгаа нь ажиглагддаг. Цармын бүргэд нь өөр том амьтан барьж чаддаг уу?
-Бүргэдийн гол ан нь үнэг, хярс юм. Үүнээс гадна ан хийх явцад мануул барих тохиолдол байдаг ч  тэрбээр  их хортой амьтан. Хэрэв ямар нэгэн байдлаар бүргэдийг эргэж хазвал гэмтэж, эндэх ч эрсдэлтэй учраас бүргэдчид мануул бариулахаас зайлсхийдэг. Зарим хүн надаас бүргэд чоно барьж чадах уу гэж  асуудаг. Бүргэд чоныг тэр бүр бариад байдаггүй юм билээ. Хоёр, гурван бүргэд нийлж барьсан тухай л сонсож байсан.
-Казах түмний бас нэгэн гайхамшиг, дахин давтагдашгүй өв нь өнөөдрийн Наурызын баяр. Мэдээж та энэ баяраар алсын хөх хязгаар Баян-Өлгий аймагт очиж л байсан байх?
-Энэ баяр бол  өдөр, шөнө тэнцэж, наран наашилж, өргөн дэлхийд хавар айлчилсныг бэлгэддэг. Наурызын баяр нь Монголын казахуудын соёлын үнэт өв шүү дээ. Бүр НҮБ-аас олон улсын баяр гэж албан ёсоор баталж, ЮНЕСКО-гийн дэлхийн халдашгүй соёлын өв гэж тэмдэглэсэн байдаг. Энэ өвд бүртгэгдэнэ гэдэг өөрөө их хариуцлага төдийгүй  чухалд тооцогдоно. Наурызын баярын  өглөө казах хүмүүс өглөө эртлэн нар мандахыг хардаг заншилтай. Казах уламжлал соёлоо дээдэлж, эв нэгдлийг эрхэмлэн, элгэн садан, ахан дүүс, айл хотлоороо учран золгодог “Наурыз” баярын мэндийг нийт казах түмэндээ өргөн барьж, Алтайн бүргэд лугаа хийморь золбоотой байхын ерөөлийг өргөе.
ЦААТНУУДЫН ӨВ НЬ МОНГОЛЫН СОЁЛЫН ӨВӨРМӨЦ ШИГТГЭЭ
сонин mn
-Таны амьдрал аялал жуулчлал болон гэрэл зурагтай салшгүй холбоотой юм. Магадгүй энэ хоёр салбарыг салгаж ойлгох аргагүй байх?
-Би Завхан аймагт төрж өссөн. 1998 оноос аялал жуулчлалын салбараас ажлын гараагаа эхэлсэн. Энэ салбарын хүн гэрэл зураг сонирхох шаардлага зайлшгүй байдаг. Учир нь Монгол орноо сурталчилах, танилцуулга контент хийхэд Монголын тухай зураг хэрэг болно. Сайн зураг, контент байхгүй байсан тул   өөрөө зураг авах болсон. Ажлын шаардлагаар зураг авч эхэлсэн нь яваандаа сонирхол, хобби болсон юм.
Анх Гүүгл-ээс  Монголын тухай хайлт хийхэд ихэвчлэн сөрөг гэмээр мэдээллүүд гардаг байлаа. Тухайлбал, траншейны хүүхдүүдийн зураг ч юм уу. Тиймээс Монголын тухай хайлтыг эерэг болгохын тулд аялал жуулчлалын салбарын, ялангуяа зурагчид сайн ажилласан гэж боддог. Миний хувьд өөрийнхөө дуртай зүйлээ хийж, амьдарч яваа азтай хүн. Байгальд ойр байх хүсэл, эх орноо сурталчлах бодол минь аялал жуулчлалын салбарт ажиллахтай минь тохирдог гэж боддог.
-Анх хобби байсан зүйл тань өнөөдөр Монгол Улсыг дэлхийд сурталчилж байгаа нь бахархалтай. Таны хувьд анх зураг авч байсан үеэ энэ цагтай харьцуулахад зургийн сэдэв, утга агуулга, өгүүлэмж нь хэр өөрчлөгдсөн бэ?
-Би бусад зурагчдын  бүтээлүүдийг их үзнэ. Өөрийнхөө бүтээлд ч дүгнэлт хийнэ. Ингэж үзэхдээ мэргэжлийн өнцгөөсөө гаднын жуулчдад эх орныхоо тухай юуг, хэрхэн үзүүлбэл таалагдах бол гэж боддог байлаа. Нөгөө талаараа би хөдөө өссөн учир малчин зоны амьдралын онцлог, өв уламжлал, соёлыг мэднэ. Дэлхийн хаана ч дахин давтагдахгүй энэ үнэт зүйлсээ олон улсад таниулах чин хүсэл бий. Монголчууд тал сайхан нутаг, үндэсний өв уламжлал, бусдаас ондооших түүхтэй мөртөө дэндүү өрнийн  маягаар амьдарч байна. Монгол үндэстний гол онцлог нь нүүдэлчин соёл шүү дээ. Тиймээс би сүүлийн жилүүдэд үндэстний цөөнхийн мартагдаж буй соёл уламжлалын сэдэв дээр түлхүү ажилласан байна.
Түүний үр шим, бодит жишээ нь цаатнуудын амьдралын онцлогийг харуулсан “Цаатан”, Монголын бахархал, Алтайн уулсын эзэн цоохор ирвэсийн тухай ховор зургуудтай “Ирвэс”, харин сүүлийнх нь казах түмний шувуулах соёлыг онцолсон “Бүргэд” гэсэн  гурван цуврал юм. Миний гол зорилго эх орноо олон улсад эергээр сурталчлах явдал билээ.
-Үндэстний цөөнхийн өв соёлыг хадгалж яваа нэгээхэн хэсэг бол Монголын цаатнууд. Таны “Цаатан” номонд тэдний өв соёл, цаа маллах арга ухааны тухай дэлгэрэнгүй орсон байна?
Цаатан ном маань дэлхийн хамгийн өмнөд хэсэгт орших цаа маллан аж төрдөг сүүлчийн нүүдэлчид хэмээн нэрлэгдэх болсон цаатан иргэдийн өвөрмөц соёл, зан заншил, сүүлийн 15 жилийн амьдрал ахуйг харуулсан өндөр чанартай ховор гэрэл зургууд, зохиогчийн аяллын тэмдэглэл, танин мэдэхүйн бичвэр, инфографик бүхий гэрэл зураг, танин мэдэхүйн бүтээл юм. Цаатнууд бол казахуудын нэгэн адил Түрэг угсаатай. Тухайн ард түмний  өв уламжлал нь Монголын соёлын бас өвөрмөц, содон шигтгээ гэж хэлж болно.
“ГУРВАН ТОЛГОЙТОЙ ИРВЭС” ЗУРАГ ДАХИН ДАВТАГДАШГҮЙ
сонин mn
-Таны “Ирвэс” ном зөвхөн нэг сэдвээр бүтээгдсэн учир илүү үнэ цэнтэй байх. Ганцхан ирвэсийн зургаар ном гаргасан уран бүтээлч дэлхийд байдаг болов уу?
-Цоохор ирвэс бол Монголын бахархал, онцлог амьтан. Эдгээр зургуудыг авахын тулд би зургаан жилийн хөдөлмөрөө зарцуулжээ. Миний хувьд Монгол Улс дэлхийд ховордсон ийм нэгэн гайхалтай  амьтантай, түүнийгээ  бид таньж мэдэж, хайрлан хамгаалах хэрэгтэй байна гэдгийг уншигчдад хүргэхийг хүссэн юм. Энэ номд орсон нэг сонирхол татсан зүйл бол  3000 жилийн өмнө Алтайн ууланд үлдээсэн хадны дүрсний зураг юм.
Энэ бол уулын тогтолцооны  тухай бүхэлдээ зурсан байгаад учир оршино. Тайлбарлавал,  ууланд нэг ирвэс, хажууд нь хэдэн чоно, янгир ямаа буюу түүний гол идэш  тэжээл нь байна. Энэ нь уулын амьдрал, экосистемийг харуулжээ. Хэрэв энэ зурагт дүрслэгдсэн амьтдаас аль нэг нь л байхгүй бол тогтолцоо нь  нурна. Тэгэхээр хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн өмнө ч энэ тухай  мэддэг, ойлгодог байж. Үүний дагуу л “Ирвэс” ном бүтсэн. Ирвэс энэ тогтолцооны дотор оршин амьдарч, хоол тэжээлээ олохдоо сул  дорой,  өтөлж муудсаныг   барьж, байгалийн тэнцвэрийг хадгалдаг  нь шинжлэх ухаанаар ч нотлогдсон байдаг.
-Ирвэс дэлхийд нэн ховор амьтан. Тархалт нь хаагуур байдаг юм бол?
-Дэлхийн 13 гаруй оронд энэ амьтан бий. Манай улсын хувьд Баян-Өлгий аймгийн Монгол Алтайгаас түүний салбар Говийн  Алтайн уулсын зүүн өмнөд үзүүр хүртэл тархсан байна. Мөн Хангайн нуруу Хөвсгөлийн уулсаар цөөн бийг тогтоогоод байна.
Цоохор ирвэс  хоёр жилд нэг удаа төллөдөг. Голдуу  хоёроос гурван гүем гаргана. Эрс тэс хатуу ширүүн  уур амьсгалтай өндөр уулсаар тархан амьдардаг болохоор гаргасан төл  бүр нь нас биед хүрсэн ирвэс болно гэхэд хэцүү.
“Ирвэс” номд мөн дахин хаана ч давтагдахгүй зургуудаа багтаасан нь онцлог болсон юм. “Ирвэс”  номыг хэвлүүлсэн нь  энэ сүрлэг амьтныг хүмүүст таниулахсан, хамгаалал, танин мэдэхүйд нь жаахан ч болтугай хувь нэмэр оруулж, илүү анхаараасай гэсэндээ тэр.
Энэ амьтан бол дэлхий дээр ховордсон, манай Алтайн их уулсын сүр хүч, бэлгэ тэмдэг, байгаль хүрээлэн буй орчин, таны бидний амьдралын салшгүй нэг чухал бүрэлдэхүүн мөн тул  хөнөөчихвөл хатуу ял, шийтгэлтэй гэдгийг иргэд мэддэг байх нь чухал. Гэхдээ мэдээлэл, мэдлэгтэй болсноор үүнээс сэргийлж чадна, хайрлан, хамгаалах ч болно гэж итгэдэг.
-Таны номыг эргүүлээд харахад дарсан кадр бүхэн тань тэсвэр тэвчээр, зориг шаардсан нь харагдаж байна. Та эдгээр зургаасаа нэгийг онцлооч?
-“Ирвэс” номд “Гурван толгойтой ирвэс” гэдэг  зураг бий. Ирвэс ганцаардмал амьдралтай зүйл. Бүрэнхий, үүр, шөнийн явдалтайгаараа  онцлогтой. Гэтэл тухайн зурагт нэг дор гурваараа бий. Нэг нь наашаа, нөгөөх нь урагшаа, гурав дахь нь цаашаа харчихсан байна. Энэ бол ямар ч тохиолдолд дахин давтагдах боломжгүй агшин. Боломжтой бол энэ зургаараа шуудангийн марк хийлгэх юмсан гэж хүсдэг . Монгол Улсад ийм ховор зураг дарагдсан байна,  ийм сүрлэг амьтан байдаг юм байна, Монгол Улс дэлхийн амьтан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа юм байна гэж ойлгож мэддэг болно, түгээгдэнэ гэдэг утгаараа улсынхаа тухай дэлхийд сурталчлах нэг боломж гэж бодсон юм.
-Ирвэс их өндөрт амьдардаг амьтан. Түүнд хүрч зураг авахын тулд танаас эр зориг, тэсвэр тэвчээрээс гадна их цаг хугацаа, санхүү шаардсан нь лавтай?
-Ирвэс Алтайн уулсаар 3000-4000 метрийн өндөрт амьдардаг. Тиймээс нэг зураг дарахын тулд өдөр бүр дээшээ гараад байх боломжгүй. Хэдий дээшээ гарлаа ч олж харахгүй байх тохиолдол элбэг. Тиймээс ирвэсийн зураг дарахын тулд ууланд хонож өнжих нь хэвийн үзэгдэл. Энэ зургуудын хувьд ямар ч суурин автомат камер ашиглаагүй. Зөвхөн өөрийн нүдээр харж дарсан гэдгээрээ онцлог. Ер нь ирвэсийн араас хөөцөлдөнө гэдэг нь амаргүй.
Нэгдүгээрт энэ амьтан маш цөөн буюу судлаачдын тооцоолсноор Монголд 1000 орчим байдаг.  Хоёрдугаарт өндөр ууланд амьдардаг амьтан. Гуравдугаарт, энэ амьтны зургийг өвөл авахад тохиромжтой байдгаас хүйтний бэрхшээлийг тэсэх шаардлага гардаг. Дөрөвдүгээрт, Алтайн өндөр уулсаар нутаглдаг болохоор алс хязгаар нутагт ирж очиход зардал их гардаг. Мөн байгалийн зэрлэг амьтны зургийг авахад сайн камер, хэрэгсэл шаардлагатай байдаг онцлогтой.
-Хангайн эзэн, сүрлэг ирвэстэй тулахад танд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Тухайн үед Өндөр Алтайн Ямаат ууланд очоод удаагүй байсан юм. Энэ удаа баттай зургийг нь дарна гэсэн бодол тээж ирсэн тул  шууд л ажилдаа орсон. Жалга дагасан нарийн голын мөсөн дээгүүр гарахад цасан дээр үлдсэн ирвэсийн мөр их тод харагдсан. Мөрийг нь хэмжихэд  бие гүйцсэн  ирвэсийнх байсан. Ингээд хэсэг дагаж байтал чулуун дунд оруулаад алдчихсан. Тэр өдөртөө ямар ч байсан янгир ямааны зураг авъя гэж бодоод зорилгоо өөрчилсөн юм. Ингээд жалганы ирмэгээр нэлээд өгсөөд зураг дарж байтал миний ойрхон нэг амьтан намайг хараад байгаа нь мэдрэгдсэн.
Би түүнийг анзаараагүй байж. Тэр үед хамаг бие хөших шиг болсон. Ирвэстэй  хэр удаан ширтэлцсэнээ санадаггүй юм. Зүрхний минь цохилт надад тод сонсогдож, бүтэн амьсгаа ч авч чадахгүй болсон. Ирвэс үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан. Би ирвэсийн тухай судалж эхлэхдээ л түүнд “дурлаж” орхисон хүн. Гэтэл миний нүдний өмнө ингээд зогсож байна гэж бодохоор төсөөлшгүй. Ингэж л би анхныхаа кадрыг дарсан юм. Тэр мөч хэзээ ч санаанаас гардаггүй.
-Ирвэс махчин амьтан. Тань руу дайрах болов уу гэсэн айдас, болгоомжлол төрөөгүй юу. Та ирвэст хамгийн ойрдоо хэр дөхөж байв?
-Ирвэс хүн рүү дайрдаггүй гэлцдэг. Гэхдээ ямар ч амьтанд өөрийн орон зай гэж бий. Тийш халдах эсвэл ямар нэгэн зорилгоор түүнд  таагүй мэдрэмж төрүүлбэл  араатан л юм чинь дайрахыг үгүйсгэхгүй. 10 гаруй метрийн зайнаас зураг дарж байсан удаа бий. Азаар над руу дайрсан тохиолдол гараагүй.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ГЭДЭГ НЬ НЭГ ЗАМААРАА ХОЁР ЯВАХЫГ ХЭЛДЭГГҮЙ 
-Аялал жуулчлалын салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа хүний хувьд Баян-Өлгийн аялал жуулчлалыг хэрхэн харж, дүгнэдэг вэ?
-Ихэнх жуулчид Улаанбаатар, Хархорин буюу төвийн бүс, хойшоо Хөвсгөл нуур орчмын бүс, урагшаа говийн бүс гэсэн үндсэн гурван бүсээр аялдаг. Харин сүүлийн жилүүдэд баруун Алтай, Ховд, Баян-Өлгийг их сонирхох болсон. Энэ бүс нутгийн онцлог нь байгалийн гайхалтай, дахин давтагдашгүй тогтоцоос гадна хүмүүсийн амьдрал, олон үндэстэн ястны соёлтой танилцах боломжийг жуулчдад өгч байгаа явдал юм. Зөвхөн гаднаас ирж байгаа жуулчид төдийгүй монголчууд ч баруун аймгууд руу аялах хүсэлтэй болсон байна.
Аялал жуулчлалын салбарт дэд бүтэц, зам тээвэр  чухалд тооцогдог. Сүүлийн жилүүдэд баруун бүс рүү шинэ зам тавигдсан нь тэр нутгийн сайхныг харах боломж, нөхцлийг бүрдүүллээ. Нөгөө талаар цахим  хурдтай хөгжиж буй энэ үед нэг хүн очиж үзсэн газрынхаа тухай зураг, мэдээллийг  тэр дор нь байршуулах нь хэдэн зуун хүний тийшээ явах хүслийг нь бадрааж байх жишээтэй.
-Олон улсын стандартад нийцсэн жуулчдыг хүлээж авах зочид буудал, унаа хөсөг, хэлмэрчийн хувьд?
-Баян-Өлгий аймаг “Бүргэдийн баяр” хийгээд 23 жил болжээ. Энэ хугацаанд бүргэдчидийн соёл дахин сэргэж, хөгжиж байна. Тухайн баяр болон Алтай Таван богдыг үзэх хүсэлтэй  жуулчид тэндээс үйлчилгээ авч, нутгийн иргэдийн орлогын тодорхой хувийг нь бүрдүүлж байгаа юм. Дэлхийн аялагчдын хамгийн их сонирхлыг нь татдаг үйл явдал нь соёлын арга хэмжээнүүд байдаг. Гадаадын жуулчдын зорин ирж үздэг гол эвент бол  “Монгол наадам” байдаг. Сүүлийн жилүүдэд “Бүргэдийн баяр” жуулчдыг ихээр татдаг бас нэг эвент болж байна. Жуулчин очоод тухайн наадмыг үзээд зогсохгүй төрөл бүрийн үйлчилгээ авна. Зочид буудалд бууна, хоол ресторан, машин тэрэг, хөтөч хэрэгтэй. Бүргэдчидийн гэрээр зочилно. Нэг дор олон жуулчид очсоноос болж үйлчилгээний чанар буурахаас сэргийлж зохицуулалт төлөвлөлт хийх шаардлага гарч байна.
Тэгэхээр жуулчид очихоос өмнө даацын асуудлыг нарийн зохион байгуулалттай зохицуулалтад оруулах шаардлагатай болжээ. Хөрөнгө оруулагчид аль болох энэ аймаг руу хандаасай. Шинэ ресторан, зочид буудал, баазуудыг бариасай. Харин тэнд байгаа үйлчилгээний байгууллагууд стандартын дагуу үйлчилгээ үзүүлдэг болоосой гэсэн хүсэл байна.
Нутгийн иргэдийн хувьд нэг удаа баярын үеэр орлого олоод бусад үед орлогогүй байхаасаа жилийн дөрвөн улиралд тогтмол орлого олдог байгаасай. Тогтвортой аялал жуулчлал хөгжөөсэй гэж хүсдэг. Манай “Аян трэйвел” компани жил бүрийн есдүгээр сард Сагсай сумын бүргэдчидтэй хамтран жуулчдад зориулсан соёлын наадам, бүргэдийн баяр зохион байгуулдаг.
-Жуулчдын ая тухыг хангахад анхаарах гол зүйлийн нэг нь зам. Улаанбаатараас 1700 гаруй км-ийг машинаар туулна гэдэг чанга даваа. Харин  Баян-Өлгий аймаг руу олон улсын нислэг үйлддэг болчихвол жуулчдын цуваа эрс нэмэгдэх байх даа?
-Баян-Өлгий рүү олон улсын нислэг үйлддэг болох тухай олон жилийн өмнөөс яригдаж байгаа ч одоогоор тодорхой бус хэвээр байна. Заавал Улаанбаатараар дамжилгүй шууд Баян-Өлгий орчихдог болбол давуу тал их байна. Ойрын хугацаанд Увс, Баян-Өлгий аймгийг хар замаар холбоосой. Аялал жуулчлал гэдэг нь нэгээс нөгөө цэг рүү очихдоо нэг замаараа хоёр явахыг хэлдэггүй. Жишээлбэл, Улаанбаатараас гараад Архангай, Завхан, Увс, Баян-Өлгий гэж хойгуураа явчихаад урдуураа Ховд, Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатар гэж тойрч байж аялал жуулчлал бий болно.
-Таны авсан зургууд гадны алдартай хэвлэлүүдэд нэг бус удаа нийтлэгдэж байсан?
- Олон зургууд  гадны томоохон хэвлэлүүдэд нийтлэгджээ. Шарга азаргатай адууны зургууд минь 2016 онд дэлхийн шилдэг зургаар тодорч тухайн үед барууны олон хэвлэлд гарч байсан. Дэлхийн томоохон хэвлэлүүд болох “Тhe Times”, “The Daily News”,“The Telegraph”, “Guardian” “National Geographic” зэрэг олон сонин сэтгүүл, сайтуудад зургууд маань гарч байсан. Германы “Lufthansa” компанийн нислэгийн сэтгүүлийн 2019 оны арванхоёрдугаар сарын дугаарт бүтэн 10 гаруй нүүр нь бүргэдийн талаарх зурагт нийтлэл маань гарсан. Эдгээр хэвлэл, сэтгүүлийг уншиж байгаа гадаадын уншигчид ганцхан намайг бус, Монголын тухай, монголчуудын уламжлал соёлын тухай миний зургаар дамжуулан уншиж танилцаж байна гэдэг үнэхээр сайхан санагдаж, энэ улсад төрснөөрөө, Монголынхоо түүх, уламжлал, өв соёлоор бахархах сэтгэл төрдөг юм.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих