Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон зарим сайд нар Хэнтий аймгийн удирдлагуудтын хамтаар өнгөрсөн оны тавдугаар сард тус аймагт ажиллах үеэрээ Дадал сумын “Дэлүүн болдог” нисэх буудлыг өргөтгөж, шинээр барихаар шийдвэр гаргасан.
Тус сум нь түүхэн аялал жуулчлалын бүс нутагт хамрагдаж байгаа учраас энэхүү бүтээн байгуулалтын зардалд нийтдээ таван тэрбум төгрөг тусгагдаж, энэ онд ихэнх ажлаа гүйцэтгэх юм байна.
Мөн Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох болсон. Энэ тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрт Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирлын орлогч Ганим Сулейман Аль-Ганиман нар 2018 оны долдугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зуржээ.
Энэхүү төслийн хүрээнд Өндөрхаан нисэх онгоцны буудлын зорчигчдын танхимыг бүрэн тохижуулах, агаарын хяналтын цамхаг байгуулах, онгоцны буудлын хашааг шинэчлэх, онгоц газардах талбайд гэрэлтүүлгийн систем суурилуулах, агаарын удирдлага, харилцаа холбоо, рентген тоног төхөөрөмж суурилуулах ажлуудыг хийх аж. Түүнчлэн зорчигчдын үйлчилгээ, ачаа, тээш тээвэрлэлтийн хэрэгслийг нийлүүлэх зэрэг ажлыг ч төлөвлөгөөнд тусгажээ. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөрт багтааж дуусгах юм байна.