УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг бүлгийн гишүүдэд уриалжээ.
Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, таван “Ш” ажиллагааг хэрэгжүүлж буй. “Шувуу” ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгууллагад шалгагдах явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийн жагсаалтыг зарлаж, олон улсын гэрээ эрх зүй, конвенцын хүрээнд тэднийг шилжүүлэн авчрах ажлыг эхлүүлсэн. “Шүгэл” ажиллагааны хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөл, “Шүүр” ажиллагааны хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг мөн энэ удаагийн хаврын чуулганаар өргөн барьж батлуулна. Эдгээр хуулийг хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахад бүлгийн гишүүд улс төрийн хувьд дэмжиж ажиллахыг уриалахад бүлгийн гишүүд дэмжихээ илэрхийлсэн байна.
Мөн Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, гурван парламент дамжин сунжирсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төслийг эцэслэн боловсруулж, УИХ-ын энэ хаврын чуулганд өргөн барих болно гэж МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн аж.