Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлт "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд өнгөрсөн ням гарагийн үдэш боллоо.
Нээлтэд Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Олон улсын хоккейн холбоо /ОУХХ/-ны Ази, Номхон далайн орнууд хариуцсан дэд ерөнхийлөгч Айваз Оморканов нар болон Монголын хоккейн холбооны удирдлагууд оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор энэхүү тэмцээн зохион байгуулагдаж байгааг нээлтийн ёслолын үеэр Б.Жавхлан цохон тэмдэглэж, Монгол Улс хоккейн спортын 60 жилийн түүхэндээ анх удаа Өсвөрийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн, мөн Хоккейн 4-р дивизионы ДАШТ-үүдийг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монголын хоккейн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал болж байна. Дэлхийн хоккейн холбоо эдгээр тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгосон явдалд баярласан талархсанаа дахин дахин илэрхийлье хэмээгээд, тэмцээнд оролцож байгаа нэр бүхий 6 орны тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ.
Монгол Улсад өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулах эрх олгосон нь ОУХХ Монголын хоккейчдын ур чадварыг үнэлэхийн зэрэгцээ мэргэжлийн холбоо /МХХ/-ны үйл ажиллагааг өндөр үнэлсэн хэрэг юм. Цаашид "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулахад энэ удаагийн тэмцээний сургамж, дадлага туршлага болон үлдэх ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Тоглолтын хуваарь: /2023.03.12/
13:30. Тайланд-Туркменистан
17:00. Иран-Узбекистан
20:30. Монгол-АНЭУ