/BBC/. Оскарын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол АНУ-ын Лос-Анжелес хотноо эхэллээ. Энэ удаагийн наадмыг Америкийн хөтлөгч Жимми Киммел хөтлөн явуулж байна.
Холливудын алдартай “А” зэрэглэлийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон олон эрхмүүд “Dolby” театрын гадаа дэвссэн оргилуун дарсны өнгөтэй хивсэн дээгүүр алхлаа.
Америкийн дуучин Леди Гага, Малайзын жүжигчин Мишель Йео, Америкийн жүжигчин Анжела Бассет нар
“Шилдэг хүүхэлдэйн кино”, “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг хамгийн эхэнд гардуулах бөгөөд “Pinocchio” хүүхэлдэйн кино болон Вьетнам-Америк гаралтай жүжигчин Ке Хью Кван нар шалгарах магадлал өндөр байна.
Эдгээр шагналын эздийг тодруулсны дараа зарлахад хамгийн хүнд төрлүүдийн нэг гэгддэг “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийг шалгаруулна. Энэхүү төрөлд Ирландын жүжигчин Керри Кондон, Америкийн жүжигчид Анжела Бассет, Жейми Ли Кертис нарын жүжигчид өрсөлдөж байна.
“Everything Everywhere All At Once” өнгөрсөн долоо хоногт болсон "Independent Spirit Awards" наадмын "Шилдэг кино" төрөлд шалгарсан юм
Оскарын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслолын сүүлчээр “Шилдэг кино” шагналын эзнийг тодруулах бөгөөд энэ жилийн нэр хүндтэй кино наадмуудад өндөр амжилт үзүүлсэн “Everything Everywhere All At Once” киног шалгарах магадлалтай хэмээн шинжээчид таамаглаж байна.
Гэхдээ энэхүү төрөлд “All Quiet on the Western Front”, “The Banshees of Inisherin” зэрэг олон шилдэг бүтээл хүчээ үзэж байгааг мөн дурдах нь зүйтэй.
"Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналын төлөө өрсөлдөж буй Америк-Канад гаралтай жүжигчин Брендан Фрейзер, Америкийн жүжигчин Остин Батлер нар
Харин шилдэг жүжигчдийн төрөлд Америкийн жүжигчин Остин Батлер, Америк-Канад гаралтай жүжигчин Брендан Фрейзер нар эрэгтэй гол дүрийн төрөлд, Австралийн жүжигчин Кейт Бланшетт, Малайзын жүжигчин Мишель Йео нар эмэгтэй гол дүрийн төрөлд тус тус нэр дэвшиж байна.
Лос-Анжелесийн “Dolby” театрт болж буй шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулж буй Ж.Киммелийн хувьд энэхүү наадмыг гурав дахь удаагаа хөтөлж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2018 онд хөтлөн явуулж байлаа. Сонирхуулахад, Оскарын наадмын улаан хивсний өнгийг 1961 оноос хойш анх удаагаа өөрчилсөн нь энэ юм.