С.Батдөлд авлига өгсөн хүмүүсийг яллагдагчаар татна

оруулсан Алсын Хараа

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийнхөөс олдсон 7.3 тэрбум төгрөгийн 4.2 тэрбумынх нь эздийг хууль сахиулагчид тогтоожээ. Түүнд хахууль болгож өгсөн хүмүүсийг яллагдагчаар татахаар болсон гэнэ. Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад " С.Батдөлийн хэрэгтэй холбогдуулан хүмүүсийг шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир нэр хэлэх боломжгүй" гэв.

Шүүхээс яллагдагч С.Батдөлийн хорих хугацааг өчигдөр /2023.03.09/ нэг сараар сунгах шийдвэр гаргасан.
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэгдүгээр сарын 6-ны өдөр саатуулж, сулласан ч гурав хоногийн дараа сарын хугацаатай хорих шийдвэр гарсан. С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд, мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,3 тэрбум төгрөгийг мэдсээр байж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан.

С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг /Татвараас зайлсхийх/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Сэтгэгдэл бичих