Ким Жон Ун дайнд бэлдэхийг тушаав

оруулсан Алсын Хараа

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун жинхэнэ дайны сургуулилалтыг эрчимжүүлэхийг цэргийнхэнд тушаажээ. Тус улс өчигдөр /2023.03.09/ баруун эргийн ойролцоо ойрын тусгалтай баллистик пуужин харвасан гэж Өмнөдийн арми мэдэгдлээ. Ингэхдээ нэг дор олон пуужин харвасан байж болзошгүй. "KCNA" агентлагийн нийтэлсэн зургуудаас харахад дор хаяж зургаан пуужин нэгэн зэрэг харвасан байна.

"Энэ үйлдлээрээ Хойд Солонгосын арми онилсон бай руу хүчтэй галт зэвсгээр буудаж, жинхэнэ дайныг сөрөн зогсох чадвартай гэдгээ харуулсан. Удирдагч Ким Жон Ун хоёр зүйлд бэлэн байхыг армидаа сануулжээ. Нэгдүгээрт, дайныг таслан зогсооход, хоёрдугаарт дайнд санаачлага гаргахад бэлэн байх ёстойг тэр онцолсон" гэж "KCNA" агнетлаг мэдээллээ.

АНУ болон Өмнөд Солонгос улсууд ирэх долоо хоногт "Эрх чөлөөний бамбай" нэртэй томоохон цэргийн сургуулилалт хийнэ. Үүнтэй холбогдуулан Хойд Солонгос олон тооны пуужин хөөргөсөн гэж үзжээ. Энэхүү хөөргөлт нь АНУ болон түүний холбоотнуудад ямар нэгэн аюул занал учруулаагүй ч Пёньяны үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрүүд нь бүс нутгийг тогтворгүйтүүлэх эрсдэлтэй юм.

Дашрамд дурдахад, Ким Жон Уны дүү Ким Ё Жон энэ долоо хоногийн эхээр өөрсдийнх нь пуужинг харвавал үүнийг дайн зарласантай адил гэж үзэхээ мэдэгдсэн юм. Мөн АНУ ирэх долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын албан бус уулзалтыг Хойд Солонгос дахь хүний эрхийн зөрчлийн асуудлаар хийнэ.

Эх сурвалж: SCMP

Сэтгэгдэл бичих