Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд Засгийн газрын хүүгийн татаастай нийт нэг их наяд төгрөг хүртэлх бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтийг хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид олгохоор яригдаж буй.
Энэ хүрээнд банкны салбарын оролцоо ямар байх тухайд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа. Тэрбээр энэ тухайд “Хүнсний хувьсгалын хүрээнд дотооддоо хүнсний ногоо тарих, тахиа, гахайн мах, өндөг зэрэг боловсруулах үйлдвэрлэлийг өргөтгөх замаар тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Эдгээр үйлдвэрлэлийг өргөтгөхөд санхүүжилт нэн чухал. Гэхдээ банкны өндөр хүүтэй санхүүжилтээр үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөх боломж хүнд гэсэн асуудлыг байнга гаргаж тавьдаг. Тиймээс хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэрээр хангах нь тун чухал асуудал болоод байна. Банкны салбарын өнөөгийн нөхцөлд гаргаж буй зээлийн дундаж хүү 16-18 хувьтай буй. Одоогийн нөхцөлд 5-6 хувийн хүүтэй зээл олгоно гэвэл хүүгийн зөрүү үүсэж таарна.
Иймд Засгийн газар энэ оны төсөвт 135 тэрбум төгрөгийг хүүгийн хөнгөлөлт буюу татаас хэлбэрээр олгож болохоор суулгасан. Арван гурван хувийн хүүгийн татаасыг олгоно гэж үзвэл нэг их наяд төгрөгийн зээлээр хүнс, хөдөө аж ахуйн баялаг бүтээгчдийг хангах бололцоотой.
Өнөөдрийн байдлаар банкуудад чөлөөт эх үүсвэр хангалттай байна. Тэгэхээр зээл хүсэгч нь тухайн банкны өөрийнх нь найдвартай харилцагч байх ёстой. Тэр утгаараа зээлийн харилцаанд орж болох юм” гэлээ.