Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдрийн A/197 захирамж гаргаж, зорилтот бүлгийн, амьжиргааны түвшин доогуур, хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд чиглэсэн “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлж буй “Лантуун дохио” төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.
Шаардагдах 30 сая төгрөгийг тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах зардлаас гаргахаар шийдвэрлэсэн билээ.
Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт албан ёсны гэрээнд гарын үсэг зурж, урьдчилгаа 70 хувийн санхүүжилтийг “Ид шидийн орон” төвийнхөн хүлээн авлаа. Тэд “Хөл хорио тогтоосон, эдийн засаг хүнд цагт олон нийтийн тусламжаар үйл ажиллагаагаа явуулдаг бидэнд маш чухал дэмжлэг. Энэ ондоо бид цахилгааны төлбөртөө санаа зовохооргүй байж чадахаар боллоо. Хамтын ажиллагааг эхлүүлж бодитоор дэмжлэг үзүүлэн ажиллаж буй нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон ажлын албаныханд чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээжээ.
Өнгөрөгч арван нэгдүгээр сарын 24-нд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Ид шидийн орон-2” төвийн нээлттэй өдөрлөгт очих үеэрээ цахилгааны төлбөр дээр төрийн зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгээ тэдэнд амлаж байсан юм. Энэхүү амлалтаа биелүүлж, “Ид шидийн орон” төвийнхөн санхүүжилтээ ийнхүү хүлээн аваад байгаа юм.
Ташрамд дурдахад, “Ид шидийн орон-1” төвийн хамгаалах байрны үйл ажиллагаа хэвийн явагдаж буй бөгөөд хөгжлийн төв хөл хориотой холбоотойгоор ажиллагаагүй байгаа хэдий ч бусад бэлтгэл ажлаа хийж байгаа аж.