БНСУ-д хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 4.8 хувиар өсжээ

оруулсан Алсын Хараа

/Yonhap/. БНСУ-д хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт сүүлийн 10 сарын хугацаанд анх удаагаа өмнөх оны мөн үеийнхээс 5 хувиас доошилж буурчээ. Гэхдээ нийтийн үйлчилгээний зардал дахин шинэ дээд түвшинд хүрсэн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 5.2 хувиар өсөж байсан бол өнгөрсөн сард 4.8 хувьтай гарсан гэж Солонгосын Статистикийн хорооноос өнөө өглөө мэдээлжээ.

Ингэснээр инфляцын түвшин энэ оны хоёрдугаар сард 23 дахь сардаа дараалан Төв банкны зорилтот түвшнээс /2 хувь/ давсан байна.

Орос, Украины дайны улмаас эрчим хүчний үнэ огцом өсөөд байгаа энэ үед нийтийн үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 28.4 хувиар өсжээ. Энэ нь өнгөрсөн сарынхаас /28.3/ үл ялиг өссөн үзүүлэлт болсон байна.

Хөдөө аж ахуй, загас, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өссөн байна. Мөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өссөн нь дизель түлшний үнэ 17.7 хувь, талхны үнэ 4.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Гэсэн хэдий ч энэ нь нэгдүгээр сарын 6 хувийн өсөлтөөс доогуур байжээ.

Хүнс, хувцас, орон сууц зэрэг хүмүүсийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой 144 нэр төрлийн өдөр тутмын хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн нь нэгдүгээр сард 6.1 хувиар өссөнөөс бага зэрэг буурсан байна.

Мөнгөний бодлогоо чангатгах нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байгаа тул өнгөрсөн сард Солонгосын Төв банк бодлогын хүүгээ сүүлийн 10 сарын хугацаанд анх удаа 3.5 хувьд хэвээр үлдээжээ. Тус банк инфляцыг сааруулахын тулд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш бодлогын хүүгээ долоон удаа өсгөсөн юм.

Сэтгэгдэл бичих