Сирид байгалийн гамшгийн улмаас 5.1 тэрбум ам.долларын хохирол учирчээ

оруулсан Алсын Хараа
ДАМАСК. /AP/. Өнгөрсөн сарын эхээр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Сирид 5.1 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж Дэлхийн банк тооцоолжээ.
Байгалийн гамшгийн улмаас Турк, Сирид амь эрсэдсэн хүний тоо 50 мянга даваад байгаагийн 6000 орчим нь Сирид амиа алджээ. Түүнчлэн олон арван мянга хүн сураггүй хэвээр байгаагаас гадна олон зуун мянган хүн орон гэргүй болоод байна.
Дэлхийн банкнаас танилцуулсан тайланд дурдсанаар, Сирид учирсан хохирлын хэмжээ тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувьтай тэнцэж байна. Байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн Сирийн хойд нутгийн Алеппо мужид 2.3 тэрбум ам.долларын хохирол учирсан нь нийт хохирлын 45 хувийг эзэлж байна. Баруун хойд нутгийн босогчдын хяналтад байдаг бүс ч мөн газар хөдлөлтөд өртсөн бөгөөд энэ бүсэд 4.6 сая орчим хүн амьдардаг.
Байгалийн гамшгаас учирсан хохирлын хэмжээгээр нь авч үзвэл, Алеппо мужийн дараа баруун хойд нутгийн Идлиб /1.9 тэрбум ам.доллар/, Латакиа /549 сая ам.доллар/ мужууд оржээ. Гэхдээ Дэлхийн банк урьдчилсан үнэлгээг гаргахад тодорхойгүй хүчин зүйлс их байсныг онцолсон байна.
Дэлхийн банкны Ойрхи Дорнодыг хариуцсан тэргүүн Жан-Кристоф Каррегийн хэлснээр, байгалийн гамшигт үзэгдэл Сирийн эдийн засгийн идэвхжлийг сулруулж, өсөлтийн хэтийн төлөвт нь сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. Өнгөрсөн сарын газар хөдлөлтийн улмаас Туркт учирсан хохирлын хэмжээ 34.2 тэрбум ам.долларт хүрсэн гэж Дэлхийн банкнаас өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих