Германы инфляц хоёрдугаар сард 9.3 хувиар өсжээ

оруулсан Алсын Хараа

Германд Европын Холбооны стандартаар тооцсон хэрэглээний үнэ хоёрдугаар сард  9.3 хувиар өссөн талаар тус улсын Статистикийн газрын (“Destatis”) урьдчилсан мэдээнд дурджээ

“Trading Economics” судалгааны байгууллагын асуулгад оролцсон шинжээчид Германы инфляц хоёрдугаар сард 9 хувь болж буурна гэж таамаглаж байв. Тус улсын инфляцын түвшин нэгдүгээр сард 9.2 хувьтай байсан байна.

Хоёрдугаар сарын хэрэглээний үнэ нэгдүгээр сартай харьцуулахад 1 хувиар өссөн нь сүүлийн дөрвөн сарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Өнгөрсөн нэгдүгээр сарын хэрэглээний үнийн өсөлт 0.5 хувь байсан бөгөөд шинжээчид хоёрдугаар сарын өсөлт 0.7 хувьд хүрнэ гэж таамаглаж байжээ.

Германы стандартын дагуу тооцсон үнэ жилийн 8.7 хувь, сарын дүнгээр 0.8 хувиар өссөн байна. Нэгдүгээр сард тус тус 8.7 хувь болон 1 хувиар өссөн дүн гарч байжээ.

Германы хүнсний бүтээгдэхүүний үнэ хоёрдугаар сард өмнөх жилийнхтэй харьцуулбал 21.8 хувиар, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ 19.1 хувиар өссөн байна.

Нийт бараа бүтээгдэхүүний үнэ 12.4 хувиар, үйлчилгээний үнэ 4.7 хувиар тус тус өсжээ.

Сэтгэгдэл бичих