“Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар Энэтхэгт уулзаж байна

оруулсан Алсын Хараа

Украины дайнаас үүдэлтэй геополитикийн хурцадмал байдал даамжирч, дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын харилцан зөвшилцөх хүчин чармайлтад хүндрэл учруулж байгаа энэ үед “Хорийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо уулзаж байна.

Энэхүү уулзалтад оролцох төлөөлөгчдийн дунд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган нар байна.

Украины дайнаас гадна, өнгөрсөн сард АНУ Хятадын тагнуулынх байж болзошгүй агаарын бөмбөлгийг зүүн эргийнхээ дээгүүр нисэж байхад нь харван унагаасны дараа Вашингтон, Бээжин хоорондын хурцадмал байдал улам даамжраад буй.

“Мэдээж хэрэг Орос-Украины мөргөлдөөн пүрэв гарагт болох яриа хэлэлцээний чухал хэсэг байх болно” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Винай Кватра лхагва гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Энэтхэг улс энэ жил “Хорийн бүлэг”-ийг даргалж байгаа юм.

Үүний сацуу шинжээчдийн үзэж байгаагаар, Энэтхэгт өнгөрсөн долоо хоногт болсон “Хорийн бүлэг”-ийн Сангийн сайд нарын уулзалтыг таагүй болгосон уур амьсгал энэ уулзалтаар давтагдаж магадгүй байна. Уг уулзалтын үеэр Хятад, Оросын талууд Москвагийн түрэмгийллийг буруушаах гэсэн үг хэллэгийг эсэргүүцсэнтэй холбоотойгоор хамтарсан мэдэгдэл гаргалгүй өндөрлөсөн юм.

Харин Гадаад хэргийн сайд нарын энэ уулзалтын үеэр АНУ болон түүний холбоотнууд “Хорийн бүлэг”-ийг Украины дайны асуудлаар хатуу байр суурь баримтлахад түлхэц үзүүлэх төлөвтэй байна.

Европын Холбооны зүгээс мэдэгдэхдээ, энэ удаагийн уулзалт амжилттай болох эсэх нь Украины мөргөлдөөнтэй холбоотой ямар алхам хийхээс шалтгаална гэсэн байна. “Энэ дайныг зэмлэн буруушаах хэрэгтэй. Энэ дайныг зогсоох ёстой гэдгийг Орост ойлгуулахын тулд Энэтхэг дипломат албаныхаа чадавхыг ашиглана гэдэгт би итгэлтэй байна” гэж ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель Шинэ Дели хотод сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлжээ.

Харин ОХУ-ын тал “Хорийн бүлэг”-ийг “бүх хүн төрөлхтний ашиг сонирхлын төлөө тэнцвэртэй зөвшилцөл, шийдэлд хүрэх ёстой” нэр хүндтэй форум гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Шинэ Дели дэх ОХУ-ын Элчин сайдын яам мягмар гаргийн орой хийсэн мэдэгдэлдээ, АНУ болон түүний холбоотнуудын "хортой бодлого дэлхийг сүйрлийн ирмэгт хэдийнэ авчирч, нийгэм, эдийн засгийн хөгжлийг ухрааж, ядуу буурай орнуудын нөхцөл байдлыг улам дордуулсан" хэмээн шүүмжилжээ.

Үүсээд буй нөхцөл байдлаас үзэхэд яриа хэлэлцээний төгсгөлд Энэтхэг улс талуудын байр суурийг нэгтгэхэд амаргүй сорилттой тулгарна гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл бичих