“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнгөрсөн хоёрдугаар сарын 15-16-ны өдөр үргэлжилж, гэм буруугийн шүүх хурлын товыг зарласан. Тус хурал өнөөдөр /2023.03.02/ болно. Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 25-нд хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа юм.
Прокуророос одоогийн байдлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хүргүүлсэн. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн эцсийн шийдвэр огт гараагүй бөгөөд хэлэлцүүлэгт нийт 257 оролцогч оролцсон юм.
ХЭДИЙ ХУГАЦААНД ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖЛЭХИЙГ ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ
ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.БИЛГҮНЗАЯА:
-Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 гаруй холбогдогч 257 оролцогчтой 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх тус хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гарсан хүсэлтийн дагуу Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчдын гэм буруугийн асуудал болон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй..
Яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтийг шийдвэрлэх, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны танхим Монгол Улсад байхгүй. Гэхдээ Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах холбогдох арга хэмжээг авсан.
Шүүх хуралдааныг шүүх танхимаас бусад газарт хийх нийтлэг журмын дагуу тухайн танхимын техник тоног төхөөрөмжийг хангаж ажиллаж байна.
Хэргийн оролцогч болоод хавтаст хэрэг маш их байгаа учир шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргана. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө дүгнэх, хэдий хугацаанд шүүх хурал болохыг урьдчилан хэлэх боломжгүй.