ДНБ 4.8 хувиар нэмэгдэв

оруулсан Алсын Хараа

Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 52.9 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 9.3 (21.4 хувь) их наяд төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 28.4 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.3 (4.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 онд 4.6 хувиар буурсан бол 2021, 2022 онд 1.6, 4.8 хувиар тус тус нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Улирлын нөлөөллийг арилган тооцсон ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 3.2 хувиар нэмэгдсэн байна.

ДНБ өнгөрсөн онд 4.8 хувиар өссөний 1.7 нэгж хувийг хөдөө аж ахуй, -1.6 нэгж хувийг уул уурхай, олборлолтын, 0.8 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын, 2.6 нэгж хувийг үйлчилгээний салбар, 1.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлжээ. Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) өнгөрсөн онд 4.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 455.5 (12 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь ДНБ-ий өөрчлөлтөд 1.7 нэгж хувиар эерэг нөлөө үзүүллээ.

Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 онд 3.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 440 (11.9 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Үүнд төмрийн хүдэр, хүдрийн баяжмал 26.9, газрын тосны олборлолт 45 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 онд 4 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 228.7 (6.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд барилгын салбарын нэмэгдэл өртөг 7.9, боловсруулах салбарын нэмэгдэл өртөг 6.3 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Үйлчилгээний салбарын нийт нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 онд 13.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 699.8 (5.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Ийнхүү өсөхөд бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 8, мэдээлэл, холбооны салбарын нэмэгдэл өртөг 6.9 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Сэтгэгдэл бичих