Дэлхийд Монголын нэрийг гаргаж буй “The Hu” хамтлагийн концертыг цахим орчинд виртиуал хэлбэрээр ирэх сарын 30-нд дэлхийд анх тоглох гэж байна. “The HU the Metaverse” концертын талаар зохион байгуулагч “Meta force” компанийн гүйцэтгэх захирал С.Батцэнгэл сэтгүүлчдэд танилцууллаа.
Тэрбээр, тоглолтыг виртиуал орчинд хэн ч, хаанаас ч орж үзэхээс гадна өөрөө оролцож болох боломжийг технологиор бүрдүүлж буйгаар онцлог. Хамтлагийн дуу бүрд орчин нь солигдон өөрчлөгдөж байхаар хийж байна. Нөгөө талаар шинэ технологийг ашиглан Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх, өв соёлыг дэлхийд сурталчилан таниулж, биет бус өвийг тоглолтын үеэр хийж буй зураг, бичлэг, дүрсээр хадгалан үлдэж буйг хэллээ.
Метаверс дэх дэлхийн анхны рок хамтлагийн, тус виртуал тоглолт нь The Hu хамтлагийн шүтэн бишрэгчдэд дэлхийн хаанаас ч нэгэн дор цуглах боломжийг олгож, бусад шүтэн бишрэгчид болон хамтлагийн гишүүдтэй харилцах боломжийг олгох болно.
Тоглолтыг зохион байгуулахад “ТэнГэрЛиг” медиа нэгдэл, “Мост финтек”, “ГрэйпСити”,” idax”, “Дайвэрс Солюшнс”, “Ард Бит”, “Ард Арт”, “Монгол ДиФай” зэрэг технологийн болон санхүүгийн компаниуд хамтран, “Ард” санхүүгийн нэгдэл дэмжиж оролцож байна. Энэ талаар тус нэгдлийн ерөнхий захирал Ч.Ганхуяг, “Энэхүү тоглолт болох талаар жилийн өмнөөс ярилцаж, хамтлагийн хувьд өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн албан ёсоор мэдээлсэн”-ийг дурдлаа.
Тэрбээр, тоглолт нь дэлхийд анх удаа дүрсжүүлсэн байдлаар буюу цахим шилжилтийн эрин үед метафорсе гэсэн шинэ ойлголтын хүрээнд болох гэж буй нь онцлог, сонирхолтой байх болно гэв.
Тоглолтын тасалбарыг www.hu.rocks болон www.metaland.mn вэбсайтаас NFT хэрбэрээр захиалан авах боломжтой ба 2 дугаар сарын 13-наас тасалбарыг худалдаж эхлээд байгааг мэдээллээ. Хоёрдугаар сарыг дуустал хямдралтай үнээр борлуулж байгааг дуулгалаа.
“Метафорс” нь Металанд төслийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотыг метаверс орчинд бүтээн байгуулсан технологийн компани бөгөөд хэрэглэгчдэд дэлхийн өнцөг булан бүрээс виртуал орчинд бодит үйлчилгээ авах, бусад хэрэглэгчидтэй өөрийн аватарыг ашиглан танилцаж, харилцах боломжийг олгож байгаа платформыг хөгжүүлэгч үндэсний мэдээлэл, технологийн, шинэ үеийн төлөөлөл аж.