Төв Азийн орнуудын эдийн засаг хамгийн хурдацтай өснө гэж таамаглаж байна

оруулсан Алсын Хараа

/EBRD/. Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EСБХБ) өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бүс нутгийн эдийн засгийн байдлын талаарх тайлангаа пүрэв гарагт нийтэлжээ. Уг тайланд Төв Азийн орнуудын эдийн засаг 2023-2024 онд хамгийн хурдацтай өснө гэж таамаглаж байна.

Тодруулбал, Төв Азийн орнуудын ДНБ-ий өсөлт 2023 онд 4.9 хувь, 2024 онд 5.4 хувь болно гэж таамаглаж байгаа бөгөөд үүнд Оросын бизнес эрхлэгчид, ажиллах хүчний урсгал тус бүс нутаг руу шилжиж байгаа нь зохих нөлөө үзүүлнэ гэжээ.

Казахстан, Киргиз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистаны эдийн засгийн дундаж өсөлт нь бүс нутгийн орнуудын дунд хамгийн өндөр түвшинд байх бөгөөд нийт 39 орны ерөнхий таамаглалыг (2023 онд 2.1 хувь, 2024 онд  3.3 хувь) хоёр дахин нэмэгдүүлнэ гэж тайланд дурдсан байна. Тодруулбал, Тажикистаны эдийн засаг дунджаар 8 хувь, Киргиз ба Монгол тус бүр 7 хувь, Туркменистан ба Узбекистан тус бүр 6.5 хувиар өсөх аж.

“Газрын тос, байгалийн хий экспортлогч орнуудын хувьд түүхий эдийн үнийн өсөлт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн болон хөрөнгө санхүүгийн урсгал нэмэгдсэн, мөн худалдааны  эргэлт өссөн нь өнгөрсөн есдүгээр сард хийсэн таамаглалыг бага зэрэг (0.1 пунктээр) нэмэгдүүллээ” гэж тайланд дурдсан байна.

“Төлөвлөсөн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, түүхий эдийн өндөр үнэ болон Оросын бизнесийн шилжилт зэргээс шалтгаалан 2024 онд өсөлт 5.4 хувьд хүрэх төлөвтэй байна” гэж Лондонд төвтэй банкны шинжээчид онцолжээ.

Сэтгэгдэл бичих