Ковид-19 халдвартай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед улс орны эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоон хоногт болж, долоон арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ.
Тус шийдвэрүүдийн заримтай нь холбоотой төөрөгдөл иргэдийн дунд үүсээд буй тул холбогдох эх сурвалжуудаас шийдвэрүүдийг дахин баталгаажууллаа.
Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01-н хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөхөөр болсон.
Ингэснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд НДШ-ээс зургаан сарын хугацаанд бүрэн чөлөөлөгдөж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга мэдээлсэн.
Хөдөлмөр эрхлэгчидтэй холбоотой өөр нэгэн шийдвэр байсан нь дээрхийн адил дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд ХХОАТ ногдуулахгүй байх тухай юм.
Мөн хувиараа НДШ төлдөг иргэдийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас нэмж гаргасан юм.