О.Номинчимэг: Зөвлөлдөх санал асуулгын аргачлалыг олон улс орон хэрэгжүүлж байна

оруулсан Алсын Хараа

Т.БАТСАЙХАН

“Зөвлөлдөж шийдье” сэдэвт Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.  Хоёр дахь шатны санал асуулга өчигдөр Төрийн ордонд боллоо.  Уг асуудлаар УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэгтэй ярилцлаа.

-Парламент зөвлөлдөх зөвлөлийг байгуулж, “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг орон даяар явуулж байна.  Энэ санал асуулгын гол зорилго нь юу вэ?
-Санал асуулга агуулгын хувьд нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, хоёрдугаарт, парламентын ардчилал, гуравдугаарт, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах, дөрөвдүгээрт, нийгмийн бодлогын тулгамдсан асуудал гэсэн дөрвөн сэдэвт багцлагдаж байгаа. Эдгээр багц сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг өрнөж байна.  УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд эхлээд “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: “Гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Мөн түүний дараа улс төрийн нам, иргэний нийгэм, иргэд оролцсон “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулсан. Эдгээр уулзалтуудаар хамгийн их хөндөгдсөн асуудлуудаар Зөвлөлдөх зөвлөл асуултуудаа боловсруулсан.

-Монголчууд зөвлөлдөж шийдэх асуудлаар туршлага, ойлголт багатай.  Өмнө нь улс даяар нэг удаа зохион байгуулж байсан гэж сонссон.  Тэр талаар тодруулахгүй юу?
-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 онд баталсан. Зөвлөлдөх санал асуулгын зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоо, төлөөллийг хангах асуудал.  Үүний дагуу өмнө нь 2017 оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх асуудлаар улсын хэмжээнд анх удаа зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсан.  Мөн 2018 онд Налайхын уурхайн асуудлаар Налайх дүүргийн хэмжээнд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсан туршлага бий.

-Олон улсад зөвлөлдөж шийдэх энэ ойлголт хэрхэн хөгжиж, ямар ямар үр дүнд хүрсэн байдаг вэ?
-Deliberative polling буюу зөвлөлдөх санал асуулгын аргачлалыг улс төрийн өөр өөр тогтолцоотой, хөгжлийн янз бүрийн шатанд яваа улсууд хэрэгжүүлж байгаа олон улсын туршлага бий. Тухайлбал АНУ, Япон, БНСУ, Англи, Европын Холбооны гишүүн орнууд, БНХАУ, Африкын орнууд зэрэг улсууд тухайлсан асуудлуудаар иргэд, гишүүдийнхээ санал бодлыг авдаг. Эдгээр санал асуулгын хамрах хүрээ, сэдэв харилцан адилгүй. 1994 онд Английн Манчестер хотод гэмт хэргийг бууруулах бодлогын хэд хэдэн шийдлийн талаар хэлэлцэж байсан бол 2000 онд Дани улс еврог албан ёсны мөнгөн тэмдэгтээ болгох эсэх асуудлаар санал асуулга зохион байгуулж байсан гэх мэт маш олон жишээ байна. Ерөнхийдөө зөвлөлдөх санал асуулга бол ард иргэд тэнцвэртэй мэдээлэл авсны үндсэн дээр хэлэлцэж, үзэл бодлоо илэрхийлж төрийн үйл хэрэгт оролцох зөвлөлдөх ардчилалын зарчмын дагуу зохион байгуулагддаг үйл ажиллагаа юм.

-Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат хэрхэн үргэлжилж, санал асуулгын хүрээнд ямар асуудлууд яригдах вэ.  Процессын тухай тодруулахгүй юу?
-Санал асуулгыг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд явуулж буй. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Хоёрдугаар шат буюу Зөвлөлдөх уулзалт хоёр өдөр дамнаж Төрийн ордонд болж байна. Зөвлөлдөх уулзалтад нэгдүгээр шатанд оролцсон 1570 хүний 50-аас доошгүй хувь хоёр дахь шатанд оролцоно гэж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу 801 иргэд Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотоос оролцож байна. Процессын хувьд хоёр дахь шат буюу зөвлөлдөх уулзалтад эдгээр 800 гаруй иргэдэд санал асуулгад дурдагдсан асуудлаар мэргэжилтнүүд судлаачид тэнцвэртэй хоёр талын мэдээллийг өгнө. Өөрөөр хэлбэл санал асуулгад дурдсан асуудал, түүний шийдлийн талаар дэмжих, дэмжихгүй гэсэн  эерэг, сөрөг байр сууриас тэнцвэртэй мэдээллийг өгнө гэсэн үг. Үүний дараа оролцогчид маань жижиг бүлгийн хэлэлцүүлгийг хийнэ. Нэг бүлэг нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байна.

-Иргэдийг төлөөлж санал асуулгад оролцож байгаа төлөөллийн тухай тодруулахгүй юу? 
-Зөвлөлдөх санал асуулгад Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдээс санамсаргүй түүврийн аргаар сонгон оролцуулдаг. Тиймээс энд бүхий л нас хүйс, мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх иргэд цугларсан байгаа. 80 гаруй настай буурал ч байхад 18 настай залуус ч байна. Үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бүхий л сегментийг төлөөлөл оролцож байгаа.  Жижиг бүлгийн хэлэлцүүлгээр эдгээр янз бүрийн ажил мэргэжил, нас, орон нутгийн хүмүүс нэг бүлэг болон өөрсдийн санал бодлоо хуваалцаж хэлэлцэнэ. Яагаад хэлэлцүүлгийг жижиг бүлэгт хувааж байна вэ гэхээр судалгаагаар 10-15 хүний бүрэлдэхүүнтэй байх нь олон талын үзэл бодол сонсож, өөрсдийнхөө үзэд бодлыг хангалттай илэрхийлж ярилцах хамгийн үр дүнтэй хэмжээ гэж үздэг. Хэт цөөн байвал олон талын үзэл бодол, өнцөг гарахгүй. Үүний дараа сонирхсон эсхүл эргэлзээтэй асуудлаар тухайн асуудлын талаар мэдлэгтэй экпертүүдээс асуулт асууж, хариулт авах боломжтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 37, 38 (7022, 7023)

Сэтгэгдэл бичих