Эдүгээ дэлхийд сансар судлалаар АНУ, ОХУ, БНХАУ гурав тэргүүлж байна. Үүнээс АНУ 2023 онд сансар судлалын чиглэлд юу юу хийхээр төлөвлөж байгааг дурьдая.
НАСА 2023 онд
NASA /National Aeronautices and Space Administration/-г анх 1958 онд Ерөнхийлөгч Дваит Эйзенхаур үндэслэн байгуулсан байдаг. Энэ байгууллагын нэг жилийн төсөв 2018 онд 19.0 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 24.802 тэрбум ам.доллар болж өсчээ. Энэ байгууллагын түүхийг хүмүүс сайн мэднэ.
НАСА 2022 онд сансар судлалд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Тодруулбал “Артемид” сарны дагуул хөөргөж , “Жеймс Уэбб” телескоп анхны нээлтээ хийж, “DART” зонд солирын гадаргуу дээр буун, “SpaceX”-ийг МКС руу явуулж, анхны сансрын аялагчдыг сансарт гаргав.
2023 онд ч АНУ сансрыг гүнзгий судлахаар ажилдаа ороод байна. Гариг хоорондын станц “OSIRIS-Rex”-ийг 2016 онд илгээсэн бөгөөд 2023 онд том солирын гадаргуу дээр бууж хөрсний дээжийг нь дэлхийд авчрах болно. Энэхүү станц нь “Бенну 101955” нэртэй том солир дээр хүрч хэд хэдэн зураг аваад 60 грамм солирын хөрс аваад дэлхийд ирэх юм.
АНУ-д мөн сансар судлал хувийн секторт ихэд хөгжиж байна. Залуу тэрбумтан Илон Маск /1971 онд төрсөн / энэ ажилд гол үүрэг гүйцэтгэж байна.
Илон Маск “SpaceX” компаниа анх 2002 онд байгуулж, сансрын техник үйлдвэрлэж сансрын тээвэр хийх зорилгоор ажиллаж эхэлсэн. Тэрбээр сансарт нисэх өндөр зардлыг 10 дахин багасгах зорилт тавьсан. Анх компанидаа 100.0 сая долларын хөрөнгө оруулалт хийж ажлаа эхэлж байжээ. Илон Маск 2020 онд сансрын “Grew Dragon” хөлгийг амжилттай хөөргөсөн. Мөн “Falcon-9” хэмээх сансарт нисээд эргэж газарт буудаг пуужинг амжилттай бүтээсэн юм.
2022 оны 4 дүгээр сард Илон Маскийн “SpaceX” сансрын жуулчдыг сансарт гаргасан бол 2023 оны хавар “Boeing” концерн энэхүү ажлыг бас гүйцэтгэнэ.
Тэрбумтан Илон Маскийн төслөөр удахгүй “Starship” сансрын хөлгийг “Super Heavy” пуужингаар сансарт хөөргөнө. Энэ пуужин өмнөх пуужингуудаас эрс ялгаатай. Өмнөх сансрын пуужингууд хөлгийг сансарт гаргаад устдаг бол “Super Heavy” пуужин нь хөлгийг сансарт гаргаад эргэж газар дээр эсэн мэнд буудаг онцлогтой. Өөрөө хэлвэл олон дахин хэрэглэх боломжтой гэсэн үг. Уг пуужин Техасаас хөөрөөд эргээд Мексикийн буланд тусгай буух талбайд буудаг.
Илон Маскийн “SpaceX” пуужин бол ирээдүйд дэлхийн дагуул Сар болон Нарны аймгийн Марс гаригийг эзэмших үйлс болон олон дахин хэрэглэх пуужин, хөлгийг бүтээхэд үндсэн суурь нь болох ажээ.
Илон Маск түүнчлэн 2025 онд Марс гариг руу сансрын хөлөг нисгэх зорилготой ажиллаж байна. Түүний нэг мөрөөдөл бол Марс гариг дээр сансрын хотхон байгуулах явдал юм.
“OSIRIS-Rex”-ийн дараа хүн төрөлхтөн “Psyche”–ийн хүрээнд дахин том солир руу нисч төслөө үргэлжлүүлэх юм. Энэ төслийн дүнд хүн төрөлхтөн бусад гаригтай мөргөлдсөн гаригийн цөмийг судлах боломжтой болох юм.“Boeing” ба “SpaceX” компаниудаас дутахгүйн тулд Жеф Безосын “Blue Origin” компани 2023 онд өөрийн шинэ “New Glenn” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ компаний нэг пуужинг 25 удаа хэрэглэх боломжтой болох юм. Энэ компаний хамтрагч Amazon компани “Kuiper” хэмээх төслийн хүрээнд мөн 3000 дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байна.
НАСА “Артемид-1” төслийн дараа хоёр дахь удаагаа хүнтэй сансрын хөлөгний нислэгт бэлтгэж байна, мөн саран дээр тоног төхөөрөмж хүргэхээр бэлтгэж байна.
2023 онд Саран дээр 4 удаа хүргэлт хийнэ. Эхний ээлжинд НАСА-гийн 11 тоног төхөөрөмж хүргэнэ. Энэ аппарат сарны “Лакус Мортис” хэмээх сарны гадаргуу орчим судалгааны ажил хийнэ.Үлдсэн 3 аппарат “SpaceX” компаний “Falcon 9” пуужин дээр тээвэрлэгдэн саран дээр хүргэгдэнэ. Эдгээр аппартуудын нэг нь Саран дээр хөрс болон Сарны өмнөд туйлын мөсийг судална.Сарны өмнөд туйл дээр “XL-1” аппарат ажиллах болно.
2023 оны эхний хагаст НАСА саран дээр аппарат буулгахаар төлөвлөж байна. Америкийн Засгийн газар эдгээр шинэ пуужингуудын төсөл дээр зарим санхүүжилтийг хийж буй аж.
2023 он бол мөн сансрын пуужингийн жил болно. Энэ онд “SpaceX”, “Blue Origin” болон “ULA” зэрэг том компаний пуужингууд болон жижиг хувийн компаний пуужингууд сансарт хөөрөх ажээ.
Мөн энэ онд 3D принтерт бүтээсэн пуужин зөөгч ашиглалтад оруулна.
“Terran 1” хэмээх нэг удаагийн пуужин 1250 кг ачааг зөөвөрлөх бол дараагийн хийх төслийн “Terran R” пуужинг олон удаа хэрэглэх боломжтой, 20.0 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгох юм байна.
Айсуй 10 жилд сансрын аялал жуулчлал улам ихээр хөгжих болно. 2021 онд Америкийн тэрбумтан Жаред Айзекман анх удаа иргэний жуулчлалын экипажийг удирдаж сансарт аялсан билээ. 2022 онд мөн “SpaceX” анхны жуулчдыг сансарт явуулсан. 2023 онд энгийн иргэд “Polaris Dawn” төслийн хүрээнд жуулчны журмаар сансарт нисэх юм байна. Энэ төслийн аялагчдын удирдагчаар 2023 онд Жаред Айзекман дахин ажиллах болно. Айзекман “Crew Drago” хөлөгт бусад 3 аялагчийн хамт 5 өдөр сансарт нисэж, задгай сансарт гарна. Эдгээр сансрын аялагчид зөвхөн аялахаас гадна шинжлэх ухааны туршилт хийж, сансарт хүний бие хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглан, сансрын тойорг замд хиймэл дагуулын холбоо хэрхэн ажиллаж байгааг судлана.
Ойрын ирээдүйд
Ойрын ирээдүйд хүн Марс гариг руу сансрын хөлгөөр нисч очоод тэнд ус эрэх гэнэ. Мөн тусгай багажаар саран дээр ус хайх ажээ. Эрдэмтэд саран дээр ус байдгийг саяхнаас л мэддэг болсон. Саран дээр цаг агаар онц их хэлбэлздэггүй газар. Сарны туйл дээр мөс байдгийг эрдэмтэд илрүүлсэн. Саран дээр ус байдгийг Америкийн саран дээр буулгасан аппаратууд анх илрүүлсэн.Удахгүй Саран дээр буусан аппаратууд сарны мөсний зургийг авч, хэмжээ хэлбэрийг нь тогтоох болно.
Сансар судлал ойрын жилүүдэд дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна
Сансар судлалын эхний жилүүдэд хэт их гүрэн АНУ, Зөвлөлт хоёр сансрыг цэргийн зориулалтаар ашиглахыг зорилгоо болгож байлаа.
Дараагийн шатанд сансар судлалын сансарт дэд бүтцийг гаргах ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хүрээнд холбоо, телевизийг сансарт гаргав. Гурав дахь шатанд хувийн хүчирхэг компаниуд сансар судлалд идэвхтэй орж сансрын дэд бүтцийг байгуулж эхэлсэн. Дөрөв дэхь шатанд сансарт дэд бүтцийг бүрэн байгуулж, сансрын ашигт малтмалыг олборлож сансрын эдийн засгийг буй болгох гэнэ.
Хүн төрөлхтөн сансарт тойрог замын дэд бүтцийг бүрдүүлж сансрын жуулчлалыг эхлүүлж сансрын үйлчилгээг буй болгож эхэлсэн.
Сансрын эдийн засаг 2019 оны байдлаар гэхэд л нийтдээ 366 тэрбум ам долларт хүрчээ. Үүний дөрөвний нэг нь шинжлэх ухаан, цэрэг, төрийн бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулсан. Нэг өдөрт л хэд хэдэн хиймэл дагуул хөөргөж байна.
Сүүлийн жилүүдэд 600 кг хүртэл жинтэй хиймэл дагуул маш олныг хөөргөв. Дараагийн 8 жилд сансарт хөөргөдөг хиймэл дагуулын тоог 4- 5 дахин нэмэгдүүлэх гэнэ.Дараа нь сансарт засвар хийх чадвартай хиймэл дагуулуудыг бүтээнэ.
Газар ургасан ургамлыг 1 см ургасан ч харахаар нарийн мэдрэмжтэй сансрын хиймэл дагуулууд ажиллаж, далайн тээвэр ба усан дээрх аврах ажиллагаанд нарийн хяналт тавина.
Сансрын эдийн засаг аажимдаа улам өсөж, 2040 он гэхэд нэг их наяд долларыг давна.
Сансарын ачаа тээвэрлэлт өнгөрсөн хагас зуун жилд маш өндөр өртөгтэй байлаа. Нэг кг ачааг сансарт тээвэрлэхэд 5-6 мянган долларын өртөгтэй байсан. Илон Маскийн “SpaceX” компани энэ өндөр өртгийг эрс бууруулж чадсан юм. Анхны “Falcon 9” пуужин тээвэрлэлтийн үнийг бараг 2 дахин хямд болгосон. Эдүгээ дэлхий орчмын сансрын тойрогт төрөл бүрийн нисдэг обьектын хогоор дүүрээд буй. Тодруулбал 10 см-ээс дээш диаметртэй 21 000 ширхэг зүйл дэлхийн орчмын тойрогт эргэлдэж байна. Сансар төмрийн хогоор дүүрчээ. Хятадын эрдэмтэд үүнийг шийдэхийн тулд дэлхийн тойрог орчмын төмрийн хогийг устгах хиймэл дагуул бүтээжээ. Ойрын үед сансрын төмрийг хогийг цэвэрлэх, устгах явдал маш чухал асуудал болох нь гарцаагүй. Ийм учраас цаашид сансарт нисч яваа хиймэл дагуулыг засварлах, түлшээр хангах хиймэл дагуул бүтээх ажил судалгааны шатанд явна.
2035 он гэхэд сансар судлалд хийхээр төлөвлөж буй ажлууд
Ойрын жилүүдэд дэлхийн тойрог орчимд бизнес үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Сарыг түүхий эдийн бааз болгоно. Сарны эдийн засгийн төслийн хүрээнд дараах ажлыг хийнэ.
1.Хиймэл дагуул хөөргөх өртгийг 10-100 дахин хямдруулна.
2.Сансарт нөөц болон шатахуун олборлоно.
3.Сансрын эрчим хүч, дэд бүтцийг байгуулна.
НАСА-гийн “Артемид” хөтөлбөр 2028 он гэхэд хэрэгжүүлж эхлэх Сарны баазын төслийг боловсруулаад байна.
Сар бол зөвхөн туршилт хийдэг газар биш. Сар бол дэлхийг бодвол үлэмж их нөөцтэй талбай юм. Саран дээр таталцлын хүч бага тул сансар руу ачаа тоног төхөөрөмж тээвэрлэхэд амархан байдаг. Эдүгээ “United Launch Alliance” компани “CisLunar Railroad” буюу “Сар хоорондын төмөр зам” төслийг боловсруулж байна.
Циолковскийн томьёогоор “Сансарт ачаа гаргахын тулд пуужингийн жингийн 90.0 хувьтай тэнцэх хэмжээний шатахуун шатаах хэрэгтэй” болдог. Одоо ч хэдхэн арван кг ачааг сансарт гаргахын тулд хэдэн мянган кг шатахуун зарцуулж байна. Марс гариг нисэхийн тулд, нарны аймгийн тойрогт гарахын тулд маш их шатахуун хэрэгтэй. Ачаа ихтэй бол бүр ч боломжгүй болдог. Ийм учраас сансрыг эзэмшихийн тулд ус, устөрөгч, хүчилтөрөгч зэргийг шатахуун болгож, барилга барих металлыг сансраас олох хэрэгтэй болдог.
Энэ бүх ачааг дэлхийгээс тээвэрлэх болвол үлэмж их өртөгтэй болно. Гэвч сар болон сансарт энэ бүх зүйл бий. Саран дээр титан болон төмөр оршиж байдаг.
Энэ бүх барилгын материал дэлхийн тойрог замд гарах болон сансарт станц байгуулахад ихээхэн хэрэг болно. Иридий зэрэг элемент дэлхий дээр унадаг солироос илэрдэг бөгөөд энэ материалаар сансрын хөлгийн хөдөлгүүр хийж ч болно.
Сарны татах хүч дэлхийгээс 6 дахин бага тул сарнаас дэлхий орчмын тойрог руу хөөрөхөд маш бага шатахуун зарцуулдаг юм.
Ойрын 15-25 жилд сарны тойрог орчмын станц байгуулах, мөн саран дээр засварын бааз байгуулах хэрэгтэй байгаа гэнэ. Дэлхий болон сарны хооронд яг дунд нь буюу Лагранж цэг дээр том сансрын боомт байгуулахаар яригдаж байна. Эдүгээ дэлхийн том компаниуд саран дээр бааз хямд өртгөөр барих чадвартай роботууд хийх төслийг эхлүүлжээ. Мөн саран дээр ажиллах 3D принтерийг боловсруулж байна.
Мөн хамгийн чухал нэг асуудал бол усан хөдөлгүүр юм. Сансрыг эзэмшихэд гол нөлөөлөх усан хөдөлгүүр “Momentus”-ыг эдүгээ эрдэмтэд боловсруулж байна. Энэ технологийг эзэмшвэл нарын аймгийг амархан байлдан дагуулах гэнэ. Жирийн хөдөлгүүр хийн газаар ажилладаг бол энэ хөдөлгүүр сансарт оршдог усаар ажилладаг болох юм. Сансарт ус буй. Саран дээр мөс буй.
Мөн нарны аймгийг эзэмшихийн тулд усан болон устөрөгч–хүчилтөрөгчийн хөдөлгүүр хийх хэрэгтэй. Мөн бас нэг боломж бол солир дээр ус олох явдал гэнэ. Энэ асуудлыг шийдвэл усны асуудал, усан хөдөлгүүрийн асуудал 4 дахин хямдрах юм. Дэлхийд ойрхон солирууд ч байгаа гэнэ. Жишээлвэл “Ryugu” солир. Тэрхүү солирыг Японы хөлгүүд зорьжээ. Тэнд төмөр, никел зэрэг барилгын материал их байгаа гэнэ. Ийм солирын үнэлгээ 80 тэрбум ам.доллар юм байна.
Бас нэг гайхалтай үнэт солир сансарт оршиж байна. “Психея” гэдэг нэртэй уг солирын үнэлгээ 10 квинтиллион ам.доллар. 1 квинтиллион гэдэг тэрбум их наяд доллар гэсэн үг. Энэ солирын бүтцийн ихэнхи нь платин болон алт ба үлдсэн хэсэг төмөр никель. Энэ гайхалтай баялагтай солир Марс болон Юпитер гаригийн хооронд оршдог.
Сансар судлал ойрын жилүүдэд дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна:
1.Дэлхийн тойрог замд 2023-2024 онуудад хиймэл дагуулын засвар үйлчилгээ хийдэг болгоно.
2.Сарны баазыг 2027 онд байгуулна.
3.Сарны шатахууныг 2028 оноос эхлэн олборлоно.
4. 2030 оноос эхлэн, хиймэл татах хүч бүхий сансрын зочид буудал, станцуудыг байгуулна.
2050 он гэхэд дараах зорилтод хүрнэ
1.Сансрын бүтээгдэхүүнийг сансарт үйлдвэрлэнэ. Хиймэл эрхтэн болон хагас дамжуулагчийг сансарт үйлдвэрлэдэг болно. Сансарт сансрын лаборатори байгуулна. Жингүйдлийн нөхцөлд сансарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн бүтээгдэхүүнээс үлэмж хямд бөгөөд чанартай байх гэнэ.
2.Дэлхийн тойрог замд орон сууцны станц байгуулна. Одооны олон зуун мянга долларын үнэтэй сансрын аяллын үнэ тэр үед ганц мянган доллар болтлоо буурна. Жилд 2 хүн сансарт нисдэг байсан бол жилд хэдэн мянган хүн сансарт нисдэг болно.
Эдүгээ Америкаас Европ хүртэл аялахад 10 000 доллар зарцуулдаг бол тэр үед сансрын аялал үүнтэй адил болно.
3.Сансрын алс холын аялал. Хүмүүс Дэлхийгээс олон удаагийн ашиглах сансрын хөлгөөр Нарны аймгийн Марс болон бусад гариг руу аялах болно.
Хүн төрөлхтөн сансрыг эзэмших ойрын болон хэтийн зорилго ийм л байна даа.
Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР
“Артемид” хөтөлбөрийн дагуу ажиллах сарны баазын төсөл