УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ

оруулсан Алсын Хараа

Б.Дамдин-Очир

Мөрдөх байгууллагуудын ажлын хэсгээс 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэг, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд  “...Т.Аюурсайханы туслах, зөвлөхүүд нь бүгд баригдчихсан байгаа шүү. Яагаад энэ жинхэнэ хулгайч нарыг зарлахгүй байгаа юм бэ” гэж байв. Үүний дараа Т.Аюурсайхан “...Ш.Раднаасэд гишүүний ярьсантай холбогдуулан АТГ надаас гэрчийн мэдүүлэг авсан. Нэгжлэг хийгээгүй. Гол асуудал нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн Б.Ганхуягийг хэзээнээс таньдаг болсон, ямар хамааралтайг асуусан” гэсэн. Тэгсгээд чимээгүй болсон.

Тэгвэл энэ сарын 6-ны даваа гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавьсан. Шүүх түүнд хилийн хоригоос гадна нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Тодруулбал, Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Б.Отгонжаргал, И.Даваадорж, Х.Нурлат, Б.Батхүү, Б.Буяннэмэх, Д.Отгонсүрэн, Д.Дагвадорж, С.Баярмөнх, А.Цолмонтуяа нартай уулзахыг хоригложээ. Түүнчлэн “...НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн хоёр, 20.3 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан” учраас ийм арга хэмжээ авснаа шүүхээс албан ёсоор мэдээлжээ.

Харин маргааш нь Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргасан юм. Тэрбээр хүсэлтдээ “...УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө....Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр  зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна. ...Засгийн газрын гишүүн миний бие хууль хяналтын байгууллагад шалгагдахын хажуугаар сайдын албыг эрхлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй учраас ХНХ-ын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа” гэжээ. Түүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт нь хаврын чуулганаар, сайдаас чөлөөлөгдөх нь ойрын үед шийдэгдэх бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 33 (7018)

Сэтгэгдэл бичих