Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан ОУСК, ЕСБХБ зэрэг олон улсын байгууллага, арилжааны банкны эх үүсвэрээр 500 хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгохоор шийдэв.
Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжихээр Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгодог. Ноолуур экспортлогч компаниудын гүйцэтгэл болон гадаад худалдааны төлбөр тооцооны эрсдэлийг багасгах, барьцаа хөрөнгийн хүндрэлийг шийдэх зорилгоор экспортын гэрээ, агуулах дахь түүхий эдийн үлдэгдлийг барьцаалж экспортын зээл авах, даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ туршин нэвтрүүлэх, үйлдвэрлэгчдэд олгох зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт 13 нэгж хүртэл хувийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдэхийг ХХААХҮ-ийн сайд, Сангийн сайд нар даалгажээ.
ХХААХҮЯ-ны төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад 32 тэрбум төгрөгийг хүүгийн татааст өгнө. Энэ бол 300 орчим тэрбум төгрөгийг жилийн 5-6 хувийн хүүтэй авах боломж гэдгийг салбарын сайд тэмдэглэв.