Улсын аварга малчин, тариаланчдыг тодрууллаа

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.

Энэ жил 21 аймгийн 170 сумын 195 багаас улсын аварга малчинд 208, Улсын хошой аварга малчинд 20, улсын аварга саальчинд 10, улсын аварга фермерт 12 нийт 250 хүнийг тодорхойлон ирүүлсэн. Журмын шаардлагыг хангаж хамгийн өндөр оноо авсан 10 малчныг улсын хошой аварга, 140 малчныг улсын аварга малчин, зургаан саальчныг улсын аварга саальчин, есөн фермерийг улсын аварга фермерээр тодруулсан байна.

Мөн 2022 онд тариалангийн салбарт гаргасан амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ажлын амжилтаараа тэргүүлсэн 12 аймгийн 14 аж ахуйн нэгж, 32 иргэний материалыг хүлээн авч, шаардлага хангасан 12 шилдэг аж ахуйн нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор, 21 иргэнийг улсын аварга тариаланчаар шалгарууллаа.

Хөдөө аж ахуйн салбар хэдийгээр татвар төлөлт, экспортоор уул уурхай шиг биш ч нийгмийн голлон авч явдаг салбар гэдгийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тэмдэглээд, мал аж ахуйн салбар олон жил монгол орны эдийн засгийн үндэс суурь болж ирснээс гадна малчид Монголын түүх соёл, уламжлал, ёс заншлыг өвлөн тээж явдаг тул Монголын төр хүндэтгэл илэрхийлж, жил бүр шалгаруулдаг уламжлалтайг сайд онцолсон юм.

Хөдөө аж ахуй, хүнсний салбарт Монгол Улсын ажиллах боловсон хүчний 50-55 хувь ажилладаг судалгаа бий.

Сэтгэгдэл бичих