Нүүрсний 50-60 хувийг ирэх онд багтаан биржээр арилжина

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг Монголын Хөрөнгийн бирж ХК-иар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Гарсан шийдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар танилцуулав.

Тэрбээр, “Биржийн тухай хууль батлагдсан. Энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д биржийг бие дааж, эсвэл Монголын Хөрөнгийн биржийн дор байгуулна хэмээн заасан. Энэ шийдвэрийг Засгийн газар гаргана гэсэн хуулийн агуулгаар Засгийн газар өнөөдөр албан ёсны шийдвэрээ гаргаж, Монголын Хөрөнгийн биржийг түшиглэн нүүрсээ худалдахаар боллоо. “Эрдэнэс Монгол” компани маргааш гурван дуудлага худалдаагаар 21 харилцагч компанид 130-140 тонн нүүрсийг биржээр арилжина” хэмээн мэдээллээ.

Энэ нь нэг сарын хугацаанд худалдаалах нүүрс аж. Монгол Улсын нийт нүүрс 36 сая тонн гэж үзвэл 7 дугаар сарын 1 гэхэд үүний 12 сая тонныг нь биржээр худалдах зорилт тавин ажиллаж байна. 2024 онд багтаад 50-60 хувьд хүргэх, 2025 онд бүх нүүрсээ биржээр худалдаалахаар төлөвлөжээ.

“Манай боомтын хүчин чадлаас шалтгаалж ийнхүү шат дараалалтай, алхам алхмаар, бусад улсын жишгээр ил тод чөлөөт өрсөлдөөний дагуу биржээр худалдаалж байна. Цаашид зэс, жонш, төмөр зэрэг цаашид бүх металийг биржээр хийх боломж байгаа. Үүнийг ирэх гурван жилдээ багтааж хэрэгжүүлнэ. Нүүрсийг авлига, түүнээс үүсэх хардалт дагалддагийг бүгд мэдэж байгаа.

Тиймээс бид олон улсын жишигт нийцүүлж Хөрөнгийн биржийг түшиглэн нүүрсээ зарна. Хэрэв тусдаа бирж байгуулбал урьдчилсан тооцооллоор 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө санхүү, боловсон хүчин шаардлагатай байсан. Тиймээс бэлэн байгаа дэд бүтэц, боловсон хүчин зэрэгтэй Хөрөнгийн биржийг түшиглэсэн нь давуу талтай. Нүүрсээ худалдах компани өөрөө үнээ тогтоож, зарлах ба 7 дугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж эхлэхэд бирж өөрөө үнээ тогтоодог болно" гэв.

Сэтгэгдэл бичих