1. Саяхан би АТГ- ын зүг иргэд бид арай өөр нүдээр харах цаг болсон юм биш үү. Авлигын эсрэг тэмцэл чинь бүх нийтийнх болж, ард иргэдийн дэмжлэгийг авч байж урагшлах юм байна. Мөн өөр нэг чухал хүчин зүйл нь төрийн дээд түвшнээс хэн нэг нь энэ том “дайн”-ыг эхлүүлэн удирдаж, магадгүй өөрөөрөө дэнчин тавьж, зориг золиос хоёрыг гаргаж чадах эсэхээс энэ том тэмцлийн үр дүн хамаарах юм биш үү гэсэн утга санаа бүхий нийтлэлээрээ уншигчидтайгаа уулзсан.
Энэ удаа өрнөж буй үйл явдал бол сүүлийн 30 жилд байгаагүй асар том авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг илрүүлснээр өрнөж байна. Харин төрд насаараа ноёрхсон тэдгээр эрх мэдэлтнүүдийн гурван арван дамнуулан босгосон нүсэр том далд засаглалыг энэхүү дайныг эхлүүлсэн залуу Ерөнхий сайд унагаж чадах уу гэх асуулт бидний хэн хэний маань толгойд эргэлдэж байна. Бүхэл бүтэн систем болж тогтсон, улс төр бизнесийн бүх шатны бүлэглэлүүдээр дамжуулан, хүний өөрийнгүй хэрж хэлхэж гагнасан энэ аймшигт том гинжийг үнэхээр тасалж чадна гэж үү гэсэн эргэлзээ дүүрэн нүдээр бид харцгааж байна. Итгэж ядсан нүдний өмнө эрчээ авсан энэ тэмцэл харин улам чангарсаар. УИХ-ын таван ч гишүүнийг яллагдагчаар татан шүүх рүү шилжүүлж чадлаа. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүнээсээ түдгэлзэхээ мэдэгдсэн бол өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Т.Аюурсайхан гишүүнээс болон сайдын албанаас түдгэлзэн шалгуулах хүсэлтээ УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хүргүүллээ. Энэ явдал үнэхээр анхаарал татаж байгаа юм. Учир нь Т.Аюурсайхан бол Ерөнхий сайдтай хамт ах нарынхаа толгой бүлэглэлийг унагах тэмцэлд мөр зэрэгцэн явсан хүн. Тэгэхээр улс төрийн эсэргүүцэгчдийнх нь зүгээс баалдаг “Шударга тав” гэх шалаатай шахаа Л.Оюун-Эрдэнийн хувьд тээглэж унах зүйл биш аж. Тийм ч учраас авлигатай тэмцэнэ гэдэг үнэндээ намын нөхөдтэйгөө ч, найз нартайгаа ч хийх тэмцэл болно гэдгийг тэр индэр дээрээс цэхлэн зогсоод хэлж чадсан байна. Бүх шатны авлигатай том түвшинд тэмцэх нь нэгэнт тодорхой болжээ.
Нам дотор болж буй шивнээ үгсээс чих цохиход ч тэр “шалгуул” л гэх үгийг амнаасаа унагаж байгаа гэнэ. Ерөнхий сайд, намын даргын зүгээс тойруулж бултуулалгүйгээр шууд шахалт хийж өргөдлийг нь өгүүлж байгаа гэх яриа ч үнэн байж таарлаа. Чингэхээр хувийн гэх өвдөлт түүнд байхгүй болжээ. Ийм түвшний тэмцэл өрнүүлж байж ч энэ улсыг бүхлээр нь хэрсэн авлигаас салгана. Өөрөөр байх боломж ч байхгүй юм байна. Болж буй үйл явдлууд, өрнөж байгаа байдал нь энэ тэмцэл зогсохгүй гэдгийг илтгэж байна. Ийм үед олон түмэн бид дэмжинэ. Шударга ёс тогтоохыг хүсч байгаа маань үнэн бол шүү дээ.
2. Үнэхээр хурцхан өрнөж байнаа, хурдтай ч явж байна. Зарим намын гишүүд нь сошилд усан тэнэг юм тараагаад сууж байгаа нь харин эмгэнэлтэй харагдах аж. Сайдын суудал хэн нэгэнд хэрэгтэй байгаа учраас Т.Аюурсайханыг “явуулж” байна гээд бүх юмыг хардлага сэрдлэг, таавар таамгийн нүдээр хардаг болчихсон нийгмийн хэсгийг улам төөрөгдүүлэх, эвийлүүлэх, цаагуураа хүн чанар мэтийг нэхэж гутаах зорилготой ялзмаг шидлээд сууж харагдах. Ийм гишүүд намын аппаратад ажилласаар, намын дотоодын янз бүрийн сонгуульд толгой шургуулсан хэвээрээ байгаа нь өөрөө дээрх том тэмцлийнхээ өсгийнөөс зуурсан балчиг юм даа. Эдний намыг шууд утгаар шог харагдуулдаг зүйл намаа ажиргааныхаа хэрэгсүүр болгосон, манай нам гэж нийтийн сүлжээнд муйхраар орилох мэтээ намдаа “ажил” хийж байна, намаа хамгаалж байна гэх мэт тэнэгдүүхэнээр ойлгодог давхарга нь юм билээ. Улс төрд одоо ийм хүч хэрэггүй болсон цаг шүү дээ. Намыг удирдаж байгаа залуус нь улс төрийг цоо шинээр хийцгээж байгаа ч энэ мэтийн зовлонгоосоо салтал нэлээн хэдэн жил орох дог оо. Гэхдээ улс орны хувь заяатай холбоотой энэ том давалгааны хажууд бяцхан зүйл л дээ. Нөгөө талдаа хэрэв нэгэн цагт журмын нөхөд явж ирсэн, итгэж найдаж байсан бол түүнийхээ хэрээр хийсэн гэмт үйлдэл нь уучлашгүйгээр гашуу оргиулж байдаг билээ. Ийм зүйл дээр элдэв солиотой, зөрчилтэй юм гонгинож суухаас илүү чанд, зарчимтай байж сурахыг хариуцлагатай иргэн бүр дотроо бодох цаг. Итгэл үнэтэй байдаг гэдэг энгийн логик шүү.
Яагаад энэ сонин сэдвээр өгүүлж байна вэ гэхээр одоо хийгдэх томилгоо бүрийг харлуулах ажиллагааг нам дотроос явуулж магадгүй харагдана. Үүрэг хүлээсэн хүн болгон захиалагч болон хувирна. Эмэгтэйчүүд нь “миний шавь байж, залуу хүн байж ажлын өрөөнд байсан бурханыг минь буулгалаа” гэх мэтээр мэлмэрүүлээд эхнээсээ ичгүүрээ алдаж байна. Эмнэлгийн даргын үзлээр шавь нь түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр ажиллах нь тэвчишгүй явдал гэх мэт тэнэг үзэл суртал урсана. Яагаад хүчтэй, чадалтай залуу эмч нар дарга болж болдоггүй юм. Яагаад цоо шинэ залуус гарч ирэхгүй байна. Үнэндээ ийм жижиг зүйл дээр ч явуулж буй бодлогоо савируулж самардуулж болохгүй. Намын толгойд байгаа залуус илүү шазруун байхаас өөр аргагүй цаг дээрээ байна шүү гэдгийг л сануулах гэсэн юм.
3. Миний авсан мэдээллээр бол ирж буй усан туулай жилийг Засгийн газраас “Авлигатай тэмцэх жил” болгон зарлах болсон гэнэ. Авлига , албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэл өгч, нийтийн эрх ашгийн төлөө тэмцсэн шүгэл үлээгчдийг хамгаалах хуулийг мөн даруйхан батлуулах бололтой. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон л бол төрийн албанд ажиллах боломжгүй болж байна. Энэ зөв. Өөр нэг зүйл, хэрэг хянан шийдвэрлэх явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд хуу чихдэн авчрах нь. Зугтсан бол яая гэхэв гээд орхих биш заавал авчирч шалгана гэнэ. Замаа алдаж байсан олон зүйлсийг журманд нь оруулна гэсэн үг. Мөн төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай болгох чиглэл рүү оруулж, менежментийн багуудад удирдлагын эрхийг шилжүүлэхээр эхлүүлж байгаа ажлуудаа илүү төгөлдөршүүлэхээр нэлээн ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа юм байна. Энэ бол манай залуусын хүсч байгаа тэгш боломжийн төлөөх шинэчлэл. Дээрээс нь оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах ажиллагааг үргэлжлүүлэх зэрэг бүх шугамаар авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоох ажил үргэлжлэх нь. Би нийтлэлчийнхээ хувьд хураах, булаах төрлийн сэдвүүдэд эмзэг ханддаг. Энэ нь хувийн хэвшлийн хөгжил рүү хийсэн буруу дэвэлт болоод гажуудчих вий гэж болгоомжилдог учраас. Гэхдээ энэ удаагийн явуулж буй ажиллагаануудыг бол хууль бусаар хөрөнгөжсөн хөрөнгөтнүүдтэй хийж буй тэмцэл гэж харж байгаа юм. Юм зөв тал руугаа эргэж байна гэж би бусдын адил итгэхийг хүсч байна. Тийм учраас Залуусаа залуур дээр нь гаргасан бол одоо дэмжье. Учир нь гартаа гал атгаад ийм хэмжээний “дайн” руу орж чадсан болохоор ухрахгүй юм байна, Тэд…
Сэтгүүлч Б.Ганчимэг