Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна.
Сонсголын үеэр Дарханы гурил тэжээлийн элеватортой холбоотой асуудлаар Түр хорооны дарга Б.Энхбаяр УИХ-ын гишүүн асан С.Эрдэнээс асуулт асуув.
-"Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгов" гэх утгатайгаар 530 сая төгрөг "Молор констракшн" ХК руу шилжсэн байна. Үүнтэй холбоотойгоор "Молор констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан С.Эрдэнэ дуудагдсан. Энэ компанийн захирал Л.Бадамцэцэг нь таны ээж гэж ойлгож байгаа. Настай хүн тул хувьцаа эзэмшигч байсан гэдгээр нь таныг дуудсан. Энэ ямар учиртай 530 сая төгрөг "Молор констракшн" ХХК руу шилжсэн бэ?
-"Молор констракшн" ХК-д хувьцаа эзэмшиж байсан түүх надад байхгүй. Намайг ямар үндэслэлээр энэ асуудалд холбогдуулж дуудсаныг ойлгоогүй. "Молор констракшн" ХК Хөгжлийн Банктай холбоотой зээл авч байгаагүй юм байна. Энэ асуудалд дуудагдсан учраас ирэхээсээ өмнө судалж үзсэн.
"Дархан гурил тэжээл" ХК-тай "Молор констракшн" ХК хувьцаа борлуулсан орлогоос 530 сая төгрөгийг шилжүүлсэн юм байна. Түүнээс биш Хөгжлийн Банктай ямар нэгэн байдлаар холбогдож байсан зүйл байхгүй.
"Молор констракшн" ХК-ийн захирал Л.Бадамцэцэг миний ээж биш. Манай ээжийн дүү. Бас л андуурсан юм шиг байна. "Дархан гурил, тэжээл" компанийн "Элеватор"-той холбоотой асуудлын талаар шинжээчдийн дүгнэлт буруу зөрүү хийгдсэн зүйл маш олон байна. Он жил ирэх тусам шинжээчдийн дүгнэлтийг гуйвуулдаг, өмнөх юмаа алга болгочихдог юм уу.
Яг үнэндээ сүүлд Хөгжлийн Банкнаас найман тэрбум төгрөг авсан асуудал бол "Дархан гурил тэжээл" ХК-ийн дотоод асуудал шүү дээ. Улсын төсөв дээр 2014, 2015 онд нийт 16 тэрбум төгрөгийг шинээр баригдах барилга байгууламжийн жагсаалтад Дархан Сэлэнгийн орионд үр тарианы үйлдвэр барих гэх заалтаар суугдсан юм байна. Энэ төсвийн дагуу шийдэгдээд явж байсан баримтууд харагддаг. Яагаад сүүлд зээл авснаа тухайн компани өөрөө тайлбарлах байхаа.
"Дархан гурил тэжээл" ХК-ийн 150 мянган ширхэг хувьцааг манай "Молор констракшн" ХК эзэмшиж байсан. Тухайн үед ААН-үүдийн хооронд зээл авах шаардлага гарч хэлэлцэл хийгдсэн. Тэр хэлэлцлийн дагуу 150 мянган ширхэг хувьцаагаа "Дархан гурил тэжээл" ХК-д шилжүүлэн өгч хувьцааны төлбөр болох хөрөнгийн авсан юм байна. Энэ бол зах зээлд байдаг ААН-үүдийн ердийн харилцаа юм. "Дархан гурил тэжээл" ХК-ийн ямар хөрөнгөөр хувьцаа худалдан авч байгааг "Молор констракшн" ХК шалгах эрхгүй.
-УБЕГ-аас 2023.02.06 өдөр ирсэн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаанд "Молор констракшн" ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан хүмүүсийн дотор таны нэр байна. Дэлгэц дээр харагдаж байна. Энэ мэдээлэл дээр таныг 20 хувийн хувьцаа эзэмшиж байсан гэжээ. Анхны үүсгэн байгуулагчийн мэдээлэл дээр мөн таны нэр байсан. Одоогоор эцсийн өмчлөгчөөр Бадамгаравын Цэнд-Аюуш гэж хүн бүртгэлтэй байна. Энэ хүн хэн бэ?
- Анх "Молор констракшн" ХХК-ийг үүсгэн байгуулж байх хуралдаанд оролцож, үүсгэн байгуулагчдын жагсаалтад оролцож байсан. Хувьцаа эзэмшиж байгаагүй. УБЕГ-аас ямар баримтыг үндэслэж, намайг 20 хувь эзэмшиж байсан гаргаж ирсэн юм бол. Тэгээд ч "Молор констракшн" нь хувьцаат компани биш хэмээн хариулав.