Л.Оюун-Эрдэнэ: Шинэ "урсгал"-д нээлттэй байгаарай

оруулсан Алсын Хараа
Монголын улс төр, нийгэм ямар нэг томоохон өөрчлөлтийн өмнө ирчихээд байх шиг байгаа юм. Явж ирсэн тогтолцооны үйлчлэл мухардалд орж, төрийн институциуд хоорондоо хавиралдаж эхэлсэн. Мөн улстөрчид олноороо холбогдсон Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай тэргүүтэй гэмт үйлдлүүд ээлж дараалан ил болсоор байгаа юм. Өөр олон шинж тэмдэг үүнийг илтгэж буй.
Тэгэхээр шинэ бөгөөд зөв зам, гарц шаардлагатай болсон гэсэн үг. Үүнд улс төрийн намууд голлох үүрэгтэй. Сөрөг хүчин АН олон даргынхаа учрыг Дээд шүүхээр олуулахаар болоод байна. Тал талаас тодорсон дарга нараа бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан. Ямартай ч АН нэг удирдлагатай болж, тамга тэмдэг нь цэгцрэх дөхөж буй бололтой.
Харин МАН өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдээр Эмэгтэйчүүдийн холбоондоо нэлээд өөрчлөлтийг орууллаа. НАМЭХ нэрээ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /СДМЭХ/ болгож, дүрмээ ч  өөрчилжээ. Улмаар ерөнхийлөгчөө шинээр сонгосон. Боомтын сайд Х.Булгантуяа Ээлжит бус их хурлын төлөөлөгчдийн 94.6 хувийн саналаар сонгогджээ. Түүнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн.
Үүнээс 20 гаруй хоногийн өмнө, 2023 оны нэгдүгээр сарын 6-нд Х.Булгантуяа Боомтын сайдаар томилогдсон. Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого дотроос Боомтын сэргэлтэд гол анхаарлаа хандуулж харагддаг. Магадгүй, түүнийг засаг барьж байх үеийн гол бүтээн байгуулалт, эдийн засгийн сэргэлт нь боомттой холбогдох биз.
Ийм төлөв харагдаад байгаа юм. Тиймээс Засгийн газрын бүтцэд Боомтын сайдын орон тоо гарч ирэнгүүт олон улстөрч тийшээ зүтгэсэн гэдэг. Голдуу хашир туршлагатай улстөрчид "сонирхож" байв. Гэвч хэдэн сарын турш эзэнгүй байлгаж байгаад Х.Булгантуяад өгсөн. Улмаар МАН-ын хамгийн чухал бүтцийн нэг СДМЭХ-ны удирдлагыг ч бас атгууллаа.  Гэхдээ сүүлийн үед Л.Оюун-Эрдэнэ ганц Х.Булгантуяаг гэхээсээ нэлээд залуусыг "нүүрний эгнээ"-нд гаргаж ирсэн. Эхнээс нь гэвэл Ховдын Э.Болормаа, МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, Б.Батнайрамдал, СДМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал, ХХААХҮ-ийн дэд сайд Б.Ганхүлэг, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго нарыг дурдаж болох юм.
Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ ийм бодлого бариад байх шиг байгаа юм. 2023 оны нэгдүгээр сарын 30-нд намынхаа Эмэгтэйчүүдийн холбооны хурал дээр үг хэлэхдээ ийм агуулгыг хөндсөн байдаг.
Тэрбээр  "...Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид алдаа гаргасан. Өмч хувьчлахаас эхлээд нийгмийн баялаг тэгш бус хуваагдсан. Хэдийгээр эдийн засаг 17 дахин тэлсэн ч иргэдийн амьжиргаа 17 дахин сайжраагүй. Үүний улмаас хариуцлагагүй, авлигажсан нийгмийг бүхэлд нь бий болгосон. Тиймээс МАН өөрөөсөө эхэлж, дэг журмыг дээрээсээ тогтоох ёстой. Бид ёс зүйн өндөрлөг дээр өөрсдөө бат зогсохгүй бол цаашид улс төрийн манлайллын түвшинд байж чадахгүй. Ингэж байж бид социал демократууд хэвээр үлдэнэ" гэжээ. Мөн тэр үеэрээ "...Намын дэргэдэх Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн намын Удирдах зөвлөлд ордог байсныг болиулсан. Намын дарга байсан хүмүүсээс ч Удирдах зөвлөлд аваагүй. Шинэ үеэ гаргаж ирье. Би ч дараа нь намын дарга байсан гээд Удирдах зөвлөлд орохгүй. Цонхоо нээе, бүгчим байна. Та нар шинэ "урсгал"-д нээлттэй байгаарай. Ус дэлхий дээр хоёр төрлөөр оршдог. Нэг нь урсгал, нөгөө нь тогтсон ус байдаг. Урсгал нь цэнгэг байж, тогтсон нь намаг болдог" гэж хэлжээ.  Тэгэхээр цаашид засагт ч, МАН-д ч залуусын "урсгал" үргэлжлэх бололтой.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Сэтгэгдэл бичих