Украин улсад 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр 2022 оны дөрөвдүгээр сарын 4-нд Засгийн газраас гарч байв. Уг тусламжийн мөнгө алга болсон гэх мэдээлэл гараад буй.
Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа тайлбар өглөө. Түүний мэдээлснээр Украинд өгөх тусламжийн мөнгийг 2022 оны тавдугаар сарын 25-нд холбогдох байгууллагууд руу шилжүүлжээ.
Тодруулбал, 150,000 ам.долларыг НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сан (CERF), 50,000 ам.долларыг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоогоор дамжуулан өгсөн байна. Эдгээр байгууллага руу Засгийн газрын нөөц сангаас нийт 200,000 ам.долларыг шилжүүлсэн гэв.
Бусад улсууд олон улсын дээрх байгууллагуудаар дамжуулан тусламжаа өгч байгаа аж.
"Хүмүүнлэгийн тусламж" гэж иргэн, байгууллага, хуулийн этгээдээс гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулж сайн дурын үндсэн дээр өгч байгаа мөнгөн хөрөнгө, техник хэрэгсэл, бараа материал, ажил, үйлчилгээг хэлдэг.