УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах хоёр дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийв.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө олон нийтэд сонсголын талаар мэдээлэл өгөх үүргийнхээ дагуу өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж буйг Б.Энхбаяр гишүүн тэмдэглэв. Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд болно. Ирэх даваа гарагт эхлэх сонсголоор гурван асуудлыг хэлэлцэх аж. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ. Энэ хүрээнд 21 албан тушаалтны гэрчээр дуудна.
Гэрчүүдийн дунд 2016 онд Засгийн газраас Хөгжлийн банканд хийсэн хяналт, шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсны хувиар УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр өөрөө багтаж байгаагаа мэдээллээ. Түүнчлэн 2022 онд Засгийн газраас Хөгжлийн банканд хийсэн хяналт, шалгалтын асуудлаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд, тухайн үеийн хяналт, шалгалтыг ахалж ажиллаж байсан Монголбанкны удирдлагууд нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд гэрчээр оролцох юм байна.
Энэ үеэр Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлтийн асуудлыг хэлэлцэнэ. Энэ хүрээнд 40 орчим санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн гэдгийг Б.Энхбаяр гишүүн хэллээ. Хянан шалгах шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр, зөрчилтэй эсвэл эргэн төлөлт хангалтгүй байгаа 10 орчим санхүүгийн түрээсийн хэлцэл бий бөгөөд энэ хүрээнд 35 гэрч дуудах нь.
Энэ сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжлэх нотлох баримт шинжлэх судлах сонсголоор хэлэлцэх гурав дахь асуудал нь Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, хөтөлбөрийн багцууд байх аж. 2012-2016 онд Хөгжлийн банкнаас улсын төсөвт тусгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл, арга хэмжээ бий бөгөөд тэдгээрийн үр дүнг сонсоно. Эдгээрээс тодруулга хийх шаардлагатай хэмээн үзэж, 43 гэрчийг дуудахаар төлөвлөжээ.
Сонсголыг ажлын таван өдөр явуулахаар товлосон ч хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг ажлын гурван өдөрт багтаан хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд явуулах боломжтой хэмээн тооцож байгаагаа мөн дуулгасан.
Ийнхүү ирэх Даваа гарагт эхлэх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсголын талаар мэдээлэл өгсний дараа гэрчээр дуудагдсан ч сонсголд оролцоогүй албан тушаалтан, гэрчийн хүлээх хариуцлага, сонсголын үр дүнгийн талаар сонирхсон сэтгүүлчдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар хариулт, мэдээлэл өгсөн юм.
Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болно.
Энэ тухай түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийх үеэрээ: "2-р сарын 6-ы Даваа гарагт эхлэх хоёр дахь удаагийн сонсголоор 3 асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Хөгжлийн Банкинд хяналт шалгалт хийгдэж байсан байдал, хянан шалгах эрх бүхий байгууллагуудын дүгнэлт, тэдгээрээс гарсан зөвлөмжийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 21 албан тушаалтныг гэрчээр дуудна.
Хоёрдугаарт, Хөгжлийн Банкны охин компаний санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлтийн байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Нийт 40 орчим санхүүгийн түрээстэй холбоотой харилцаа үүссэн. Зөрчилтэй гэх 10 орчим санхүүгийн түрээстэй холбоотой асуудал бий. 35 гэрч дуудагдана.
Энэ бол зээл биш.2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн 350 орчим төсөл хөтөлбөрийн үр дүнг сонсоно. 43 гэрчийг дуудна. Нэмж дуудаж болзошгүй. Эдийн Засгийн Хөгжлийн Сайд асан Н.Батбаяр, Барилга Хот Байгуулалтын Яамны ТНБДарга асан Р.Эрдэнэбүрэн, "Молор констракшн" ХХК-ий хувьцаа эзэмшигч Содномзундуйн Эрдэнэ, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайд асан Х.Баттулга, Ерөнхий Сайд асан Н.Алтанхуяг, Шинэ төмөр зам төслийн хүрээнд Б.Батзаяа, А.Гансүх, ТӨХ-ий дарга асан Д.Цогтбаатар, "Түмэн хишигтэн" ХХК-ий хувьцаа эзэмшигч Х.Баттулгын Намуун, Номин, Хүлэгт нар дуудагдана" гэв.