Өмнөд Солонгосын KT (Korea Telecom) групп Монгол Улсын засгийн газартай газрын ховор элемент импортлох чиглэлд хамтран ажиллахаар болсноо өчигдөр зарлажээ.
Тус группийн гүйцэтгэх захирал Гү Хён Мо өчигдөр Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхсан байна. Энэ үеэр талууд Монголын газрын ховор элементийг Өмнөд Солонгосын зах зээлд нийлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан тухай KT групп мэдээлжээ.
KT группийн гүйцэтгэх захирлыг Монгол Улсын засгийн газрын технологи хариуцсан дээд (chief technology officer) албан тушаалд томилсныг бас мэдээлсэн байна. Ноён Гү Хён Мо ийм албан тушаалд томилогдсон анхны гадаад хүн болсныг KT онцолжээ.
Уг үүрэг хариуцлагынхаа хүрээнд тэр KT групп дотор Монголын засгийн газрын дижитал шилжилтийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулах юм байна.
Өчигдөр KT групп бас Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамтай орчин үеийн оношилгооны төв байгуулах төсөлд Hanaro Medical Foundation сангаар дамжуулан хөрөнгө оруулах гэрээ байгуулжээ.
Бас КТ группийн охин компани BC Card болон Монгол Банк үндэсний төлбөр тооцооны систем байгуулах тал дээр хамтран ажиллахаар болсныг мэдээлсэн байна.
Тус группийн медиа салбарын охин компани KT Studio Genie аялал жуулчлалын контент бүтээх чиглэлд Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Эх сурвалж: Korea Times