Австралийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 2022 оны дөрөвдүгээр улиралд түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн талаар тус улсын Эрчим хүчний зах зээлийн оператор байгууллага /AOME/ лхагва гарагт мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн оны 10-12 дугаар сард салхи, нар, усны сэргээгдэх эрчим хүч нь үндэсний цахилгаан эрчим хүчний зах зээлийн ойролцоогоор 40.3 хувийг эзэлснээр 12 сарын өмнө бүртгэгдээд байсан дээд үзүүлэлтийг /35.8 хувь/ шинэчилжээ.
Харин хар, хүрэн нүүрсний цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэл үндэсний цахилгаан эрчим хүчний зах зээлийн мэдээллийг 1998 оноос эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн бага түвшинд хүрч буурсан байна.
“Эдгээрийн үр дүнд цахилгаан эрчим хүчний салбараас гарах нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал үлэмж хэмжээгээр буурсан” гэж Австралийн Эрчим хүчний зах зээлийн оператор байгууллагын төлөөлөгч Вайолет Мучайле ярьж байна.
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэнтэй зэрэгцэн нүүрснийх буурснаар цахилгаан эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал түүхэн доод үзүүлэлт болох 26.4 сая тоннд хүрч, 2021 оны мөн үеийнхээс 5.6 хувиар буурчээ.
Цахилгаан эрчим хүчний бөөний үнэ өнгөрсөн улиралд дунджаар 1 МВт цаг нь 93 австрали.доллар /65.5 ам.доллар/ байсан нь есдүгээр сард 216 австрали.доллар байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт болсон ч 2021 оны дөрөвдүгээр улирлын дунджаас /52 австрали.доллар/ нэлээд өндөр хэвээр байна.
Австралийн Засгийн газар эрчим хүчний төлбөрийг бууруулах зорилгоор эрчим хүчний нүүрс болон шингэрүүлсэн байгалийн хийн бөөний үнийн дээд хязгаарыг хуульчилсан нь үнэ буурахад нөлөөлсөн гэж Эрчим хүчний зах зээлийн оператор байгууллага мэдээлжээ.