Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамтарсан багийн уулзалт боллоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон яамдын газар хэлтсийн дарга нар, хоёр сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын багийн гишүүд оролцсон уг уулзалтаар эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд 37 программ ашиглан үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн сангийн эх үүсвэр хооронд өгөгдлийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ HIER-ээр дамжуулан нэг стандартаар солилцох Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хоёр тал онцгой анхаарч ажиллах шаардлага байгаа.
Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж эхлэх юм.
Үүний тулд ЭМЯ-наас 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай платформыг бэлэн болгох үүргийг хүлээж энэ хүрээнд E-Health, E-Hospital программуудад 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хөгжүүлж дууссан байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлээд байгаа. Цаашид хоёр яам хамтарч эрүүл мэндийн салбарын цахимжилтыг бүхий л түвшинд амжилттай хэрэгжүүлэх замаар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл бэрхшээл, түвэг чирэгдэлгүй үзүүлдэг болохыг зорьж буй юм.