/AP/. НҮБ Украины дайнаас үүдэлтэй хүнс, эрчим хүчний хямрал, “COVID-19” цар тахлын нөлөөлөл, өндөр инфляц, уур амьсгалын онцгой байдал зэргийг харгалзан дэлхийн эдийн засгийн өсөлтийн энэ оны төсөөллөө огцом бууруулж, 1.9 хувьд хүргэлээ.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн мэдээлснээр, одоогийн дэлхийн эдийн засгийн удаашрал нь “хөгжингүй болон хөгжиж буй орнуудыг хамарч, 2023 онд эдийн засгийн уналтад орох олон эрсдэл тулгарч байна”.
“Инфляц өсөж, мөнгөний бодлогыг чангатгаж, улмаар тодорхойгүй байдал өсөн нэмэгдсэн энэ үед дэлхийн эдийн засгийн өсөлт өргөн цар хүрээтэйгээр саарах төлөв ажиглагдаж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 178 хуудас бүхий тайлангийн өмнөх үгэнд тэмдэглэжээ.
Тайланд дурдсанаар, 2023 онд дэлхийн эдийн засаг 3 хувиар өснө гэж таамаглаж байсан 2022 оны төсөөллийг бууруулж, 1.9 хувьд хүргэсэн нь сүүлийн олон арван жилийн түүхэн дэх хамгийн сул үзүүлэлтүүдийн нэг болжээ. Гэхдээ инфляц аажмаар буурч, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөлөл багасаж эхэлбэл 2024 онд 2.7 хувьд хүрч сэргэх төлөвтэй байна.
Дэлхийн банк энэ сарын эхээр танилцуулсан жил тутмын тайландаа, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өмнө нь таамаглаж байснаасаа ойролцоогоор хоёр дахин бууруулж, 3 хувиас 1.7 хувьд хүргэсэн юм. Мөн ОУВС өнгөрсөн 10 дугаар сард дэлхийн эдийн засгийн өсөлт 2021 онд 6 хувь байсан бол 2022 онд 3.2 хувь, 2023 онд 2.7 хувьд хүрч тус тус буурна гэж төсөөлжээ.
НҮБ-ын тайланд бичсэнээр бол, энэ онд АНУ, Европын Холбоо /ЕХ/ болон бусад хөгжингүй орнуудын өсөлтийн эрч сулрах төлөвтэй байгаа нь дэлхийн бусад улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.
2022 онд 1.8 хувийн өсөлт үзүүлсэн АНУ-ын ДНБ 2023 онд ердөө 0.4 хувиар өсөх тооцоо гараад байна гэж НҮБ мэдээлжээ. Мөн Украины дайн хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж, эрчим хүчний өртөг болон инфляц өсөж байгаагийн зэрэгцээ санхүүгийн хүнд нөхцөл байдал нь өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгаа энэ үед Европын олон орон “хөнгөн хямрал”-д өртөх эрсдэлтэй байна.
ЕХ-ны 27 орны эдийн засгийг энэ онд 3.3 хувиар өснө гэж 2022 онд таамаглаж байсан бол одоогийн төсөөллөөр ердөө 0.2 хувийн өсөлт үзүүлэх тооцоотой байна. Мөн ЕХ-ноос гурван жилийн өмнө гарсан Их Британид ДНБ 2023 онд 0.8 хувиар агших төлөвтэй байна гэж НҮБ мэдээллээ.
2022 онд эдийн засаг нь ердөө 3 хувийн өсөлт үзүүлсэн Хятад улсын эрх баригчдын хувьд “ковидыг тэглэх” бодлогоосоо өнгөрсөн оны сүүлээр татгалзаж, мөнгө, санхүүгийн бодлогоо сулруулж байгаа тул энэ онд эдийн засгийн өсөлт нь 4.8 хувьд хүрч өснө гэсэн төсөөллийг НҮБ гаргажээ. Гэхдээ эдийн засгийн сэргэх үйл явц дардан биш байх төлөвтэй байгаа тул өсөлт цар тахлын өмнөх 6-6.5 хувьд хүрэхгүй гэж таамаглаж байна.
Харин Японы эдийн засаг энэ онд хөгжингүй орнуудын дундаа харьцангуй боломжийн өсөлт үзүүлэх төлөвтэй байгаа бөгөөд ДНБ-ийх нь өсөлт 1.5 хувьтай байна гэсэн төсөөлөл гарсан нь өмнөх таамаглалаас /1.6 хувь/ үл ялиг буурсан үзүүлэлт боллоо.
Зүүн Азийн орнуудын хувьд эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн оны төсөөллөөс /3.2 хувь/ нэмэгдэж 4.4 хувьд хүрснээр бусад бүс нутагтай харьцуулахад хүчтэй өсөлт үзүүлэх төлөвтэй байгаа ч эдийн засгийн сэргэлт эмзэг хэвээр байна гэж НҮБ-ын мэргэжилтнүүд үзэж байна.
Өнгөрсөн онд 5.6 хувиар өссөн Өмнөд Азийн орнуудын эдийн засаг энэ онд хүнс, эрчим хүчний үнийн өсөлт, мөнгөний хатуу бодлого, санхүүгийн эмзэг байдал зэргээс шалтгаалан 4.8 хувийн өсөлт үзүүлэх магадлалтай байна.
Гэхдээ энэ онд хүн амынхаа тоогоор Хятадыг гүйцэж түрүүлэх төлөвтэй байгаа Энэтхэгийн өсөлт хүчтэй хэвээр буюу 5.8 хувьтай гарах тооцоо гарчээ. Энэ нь 2022 оны төсөөллөөс /6.4 хувь/ бага зэрэг сул үзүүлэлт юм.
Баруун Азийн газрын тос олборлогч орнуудын хувьд өндөр үнэ хийгээд олборлолт, аялал жуулчлалын салбарын сэргэлтийн ашиг тусыг хүртэнэ гэж НҮБ мэдээлсэн байна. Харин газрын тос олборлодоггүй орнуудын эдийн засаг сул хэвээр байж, 2022 онд 6.4 хувьд хүрнэ гэж төсөөлж байсан бүс нутгийн дундаж өсөлт 3.5 хувьтай байх төлөвтэй байна.
НҮБ-ын мэдээлснээр, худалдааны гол түншүүдийнх нь /ялангуяа Хятад, Европ/ эрэлт суларсан, эрчим хүч, хүнсний үнэ огцом нэмэгдсэн, зээлийн зардал өссөн, цаг уурын гамшигт үзэгдлүүд нүүрлэсэн зэрэг олон шоконд өртсөн Африкийн эдийн засаг энэ онд 3.8 хувиар өсөх төлөвтэй байна.
Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хувьд, хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, өндөр инфляц болон бусад асуудлуудыг харгалзан үзвэл хэтийн төлөв нь “хүндхэн хэвээр” байна. Тус бүс нутгийн эдийн засгийг 2023 онд 3.8 хувиар өснө гэж өнгөрсөн онд таамаглаж байсан бол энэ удаа 1.4 хувьд хүргэж огцом бууруулжээ. Аргентин, Бразил, Мексик зэрэг бүс нутгийн хамгийн том эдийн засгууд тун сул өсөлт үзүүлэх төлөвтэй байна гэж тайланд дурдлаа.
Мөн НҮБ дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын өсөлт энэ онд 4.4 хувьтай байна гэж урьдчилан таамаглаж байгаа нь өнгөрсөн оны төсөөлөлтэй ойролцоо байгаа боловч 2030 он гэхэд 7 хувьд хүргэх НҮБ-ын зорилтоос хавьгүй доогуур хэвээр байна.