Монгол Улсын Хөгжлийн банк 500 сая ам.долларын Евро бондоос хугацаанаас нь өмнө нийт 51.6 сая ам.долларыг нэгдүгээр сарын 23-нд хэсэгчлэн худалдан авлаа. Ингэснээр бондын төлбөрөөс дээрх хэмжээний төлбөр нь хасагдан хүчингүй болж, 448.4 сая ам.долларын үлдэгдэлтэй болж байна.
Хөгжлийн банк нь 2018 онд нийт 500 сая ам.долларын дүнтэй, 7.25 хувийн хүүтэй Евро бондыг олон улсын зах зээлд арилжсан юм. Улмаар тус банкны ТУЗ-ийн хурлын 2022 оны шийдвэрээр банкны өр төлбөрийг багасгах зорилгоор Евро бондоос худалдан авч бондыг хугацаанаас нь өмнө хэсэгчлэн хүчингүй болгох шийдвэрийг гаргаж байсан нь ийнхүү хэрэгжлээ.
Хөгжлийн банк: Зээлийн эргэн төлөлтөөр Евро бондын 500 сая ам.долларын төлөлтөөс 51 сая ам.долларыг худалдан авснаар дээрх хэмжээний өр төлбөр хүчингүй болж байна.
Худалдаж авсан бонд нь 86.69 жигнэсэн дундаж үнэтэй, жилийн 22.55 хувийн өгөөжтэй нийт 516,140 ширхэг болж байна. Евро бондыг анх худалдаж авахдаа ширхэг бүрийн үнийг 100.0 ам.доллараар эргүүлэн төлөхөөр тооцож байсан бол ханш буурсан үед эргүүлэн ширхэгийг нь 86.69 доллароор худалдан авав.
Ингэснээр одоогийн эзэмшиж байгаа багцын хүрээнд нийт 11 орчим сая ам.доллар хэмнэлээ. Тодруулбал, зөвхөн хүүгийн зардалд Евро бондын эргэн төлөлтийг хийх хугацаа буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 4.2 сая ам.долларыг хэмнэхээр байна.