С.Эрдэнэ: Л.Гантөмөр өө, хүрээд ир, манай сунгаанд оролц!

оруулсан Алсын Хараа
АН-ын дарга С.Эрдэнэтэй товч ярилцлаа.
Энэ намар ээлжит бус УИХ-ын сонгууль болж магадгүй тухай таамаг байна. Хэрвээ сонгууль болвол АН бэлэн үү? 
Харин бэлэн болох гээд л явж байна. Ямар ч цаг үед, аль ч шатны сонгууль явахад АН бэлэн байх ёстой. Тийм учраас өнөөдөр хамгийн гол нь дотоодын янз янзын үл ойлголцол, маргаантай асуудалдаа цэг тавих зорилгоор л энэ хурлыг хийж байгаа юм.
Л.Гантөмөр АН-ын дарга болсон. Та түүнийг хүлээн зөвшөөрч байна уу? 
Үгүй.
Яагаад?
Сонгогдсон гээд байгаа хурал нь өөрөө дүрмийн бус, хууль бус учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэх болов уу? 
Дээд шүүх хууль дээдлэх зарчмаа барих юм бол тийм ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл Л.Гантөмөрт хууль ёсны АН-ыг төлөөлсөн ямар ч төлөөлөл байхгүй. Түүнд эрх бүхий байгууллагын дотоод шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээнээс өгсүүлээд тамга, тэмдэг гээд бүх зүйл байхгүй.
Тийм учраас Улсын Дээд шүүх хууль, журмаа барьдаг юм бол бүртгэх боломжгүй.
Л.Гантөмөрт хандаж та юу гэж хэлмээр байна? 
Үнэхээр намын төлөө, нөхдийнхөө төлөө, Ардчиллын төлөө тууштай явья гэж бодож байгаа бол хүрээд ир, өнөөдрийн нээлттэй зарлаж байгаа АН-ын даргын сунгаанд оролц, нэрээ дэвшүүл. Тэгээд эндээс үнэхээр АН-ын гишүүдийн дэмжлэгийг хүлээх юм бол гараад л ир. Түүнээс бус 156 хүнээр сонгогддог АН-ын дарга гэж байхгүй шүү дээ. Манайх чинь 200-аад мянган гишүүнтэй. Хамгийн багадаа 50, 60 мянган хүний санал авч байж АН-ын дарга болдог.
Тэр хурлын үйл явцыг та харсан байх. Юу бодогдсон бэ?
Хууль бус үйлдлийг мэдсээр байж хийж байгаа хүмүүсийг хараад гайхсан. Түүн дотор ялангуяа хууль тогтоогч нар өөрсдөө дунд нь байсныг хараад би үнэхээр гайхаж байсан.
АН-ын хурлаар дүрмэнд өөрчлөлт оруулж, ҮБХ намынхаа даргыг сонгож болно гэсэн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэсэн байх аа?
Өнгөрсөн 3-р сарын АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтөөр АН-ын ҮБХ нь дарга, дэд даргатай байна. Тэгээд ҮБХ нь өөрөө парламентын стандартаар үйл ажиллагаа явуулах журмыг баталсан шүү дээ.
Тэр хуралд оролцсон ҮБХ-ны гишүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?
Тэнд саналын эрхтэй гишүүд бараг оролцоогүй. Тэгэхээр саналын эрх бүхий гишүүд оролцоогүй хуралд оролцогчдод хандаж юу хэлэх вэ дээ?
Бусад чинь нэгдчихлээ. Та нар юу бодож байна вэ?
Аль нэг талд хүмүүс нэгдэнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Яагаад гэвэл хууль дүрэм хаана байна, тэнд л шударга ёс байх ёстой.
АН-н энэ бүх гацаа С.Эрдэнэ гэдэг хүн дээр байна уу?
Мэдэхгүй. Би өөрөө өөрийгөө дүгнэх хэцүү шүү дээ. Хэрвээ надад асуудал байгаа бол асуудлыг нээгээд өгье гээд өнөөдөр тушаал, шийдвэрээ гаргалаа. АН-ын даргын сунгаа явуулна.
Ц.Туваан, Д.Мурат, Я.Санжмятав, Л.Болд, Ж.Батзандан гэх нөхдүүд урваагүй бол АН ийм нөхцөл байдал орохгүй байх байсан гэж та хэллээ. Тэднийг яагаад урвасан гэж үзэв?
Тухайн үед буюу 2018 онд үнэмлэхүй олонхоор эрх барьж байсан намын Засгийн Газартай хариуцлага тооцох асуудал дээр Лу.Болд, Д.Мурат, Ж.Батзандан гэх мэт нөхдүүд АН-ын бодлогын эсрэг санал өгсөн. Ингэснээр тухайн үеийн эрх баригчидтай хариуцлага тооцох улс төрийн шийдвэр унасан. Энэ бол нэг үгээр хэлбэл улс төрийн хувьд бол маш том урвалт.
АН сүүдрийн Засгийн газар байгуулсан. Сүүдрийн Засгийн газар ямар бодлого боловсруулж албан ёсны Засгийн Газарт хүргүүлэх вэ?
АН Улс төрийн зөвлөл буюу Сүүдрийн Засгийн газар байгуулах ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Бид чадвал энэ сар шинээр Улс төрийн зөвлөлийнхөө бүрэлдэхүүнийг зарлахаар төлөвлөж байна. Улс төрийн зөвлөл буюу Сүүдрийн хяналтын Засгийн газар байгуулахад бас амаргүй. Нилээн судалгаа хэрэгтэй.
Өнөөдрийн хуралд Сүүдрийн Засгийн газрын тэргүүн М.Энхсайхан яагаад ирсэнгүй вэ?
Гадаадад томилолттой яваа.
Нууц биш бол ямар ажлаар яваа юм бол. Хэлж болох уу?
Мэдэхгүй. Азийн орнуудаар л яваа юм шиг байна лээ. Би ойлгохдоо хувийн ажлаар яваа юм болов уу гэж ойлгож байгаа.
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилан, батлуулсан хуулийн талаарх таны бодол? 
Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчсөн байж болох хууль гэж харж байна.
Ардчилал Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг авчирсан. АН энэ эрх чөлөөг яагаад хамгаалж чадсангүй вэ?
Бид хамгаалж чадаагүй биш л дээ. АН-ын дотоод үл ойлголцол, жижиг сажиг зөрчлөөс болоод үндсэн үйл ажиллагаагаа явуулж чадаагүй цаг хугацаа, бодлого алдсан зүйл бий.
АН Монголд ямар хэрэгтэй юм бэ? 
Монгол Улсын тусгаар тогтнолд хэрэгтэй. Өнөөдөр Монголд ардчилал, хүний эрхийн асуудал бодитой байгаа цагт Монгол улс тусгаар тогтнолоо хадгалж чадна.
Ардчилал, хүний эрхийн асуудал байхгүй болсон цагт Монгол Улсын тусгаар тогтнол байхгүй болно.
АН-ыг МАН задлаад байна гэсэн чинь асуудал зөвхөн АН-ын дотооддоо л байгаа юм биш үү? 
Юу гэсэн үг билээ?
АН-ыг эрх баригчид хагалан бутаргаад байна гэдэг хардлага байдаг шүү дээ...
Өнөөдөр АН-аас гарч байгаа аливаа улс төрийн шийдвэр, удирдлагын шийдвэрийг шүүх, хуулийн байгууллагаар дамжуулж гацаах, зогсоох үйл ажиллагаа явуулж байна гэж бид харж байгаа. Тийм учраас эрх баригчдын оролцоо үүнд байна л гэж харж байна.
Улс төрийн намын эв нэгдэл гэж юу вэ?
Үзэл санаа, үнэт зүйл дээрээ нэгдэхийг л эв нэгдэл гэнэ дээ...
АН-ын эвлэрлийн ажлын хэсгийн үйл ажиллагаанд энэ хурлаар ямар үнэлэлт, дүгнэлт өгөв?
Эвлэрлийн гэх тэр хууль бус, дүрмийн бус үйл ажиллагааг бол хүлээн зөвшөөрөхгүй ээ. Энэ бол дүрмийн бус, цаашилбал хууль зөрчсөн ийм бусармаг үйл явдлууд боллоо гэж харж байна. Сая хурлаар ч тэгж дүгнэсэн.
АН нэг, нэг хүний нам болсон уу? С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Л.Гантөмөр гэх мэт?
Аливаа улс төрийн намд түүчээ болсон манлайлагч, лидерүүд байдаг. Лидер болгоныг тухайн намын эзэмшигч гэж ойлгож болохгүй.
АН-ын даргын сунгаанд хэн, хэн өрсөлдөх вэ? 
Хэлж мэдэхгүй байна. Дотоод сонгуулийн хороон дээр тогтоосон хугацаанд нэр дэвших хүмүүс маань материалаа бүртгүүлнэ.
Хэдэн хүн АН-ын даргад нэр дэвшихийг хэлж мэдэхгүй.
Ямар хүмүүс нэр дэвших эрхтэй вэ?
Саналын эрхтэй, АН-ын үндсэн дүрмийн болзлыг хангасан бүх хүн нэр дэвшинэ.
Та АН-ын даргад нэр дэвших үү?
Би нэр дэвшихгүй.
Ярилцсан Ч.Явуухүү

Сэтгэгдэл бичих