Xinhua/. Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам Крис Хипкинсийг намын шинэ дарга, Шинэ Зеландын 41 дэх Ерөнхий сайдаар батламжилсан талаар ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Хөдөлмөрийн нам ням гарагт болсон бүлгийн хуралдаанаар намын шинэ даргаар бүлгийн гишүүн, Боловсролын сайд Крис Хипкинсийг сонгожээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт огцроно гэдгээ мэдэгдсэн Жасинда Ардерний халааг авах цорын ганц нэр дэвшигч байв.
Мөн хурлаар парламентын гишүүн, Засгийн газрын сайд Кармель Сепулонийг Шадар сайдаар томилсон байна. Шинэ Зеландын улс төрийн тогтолцооны дагуу парламентад олонх болсон нам Засгийн газраа бүрдүүлж, намын дарга нь Ерөнхий сайд болдог.
Намын бүлгийн хуралдааны дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр, өдгөө 44 настай К.Хипкинс Ерөнхий сайдын тангаргаа ирэх лхагва гарагт өргөнө хэмээн мэдэгджээ. Засгийн газарт мөн энэ долоо хоногт халаа сэлгээ хийх төлөвтэй байна.
Тэрбээр инфляц, орон сууцны үнэ өндөр байгаа хийгээд хууль эрх зүйн асуудлууд нь Засгийн газрын бодлогын гол чиглэл байх болно гэдгийг онцлоод, дотоодын асуудалд анхаарлаа хандуулахаа амлажээ.
Ж.Ардерн Ерөнхий сайд, Хөдөлмөрийн намын даргын албан тушаалаасаа ирэх хоёрдугаар сард огцорч, ирэх сонгуульд улиран сонгогдохгүй байхаар шийдсэн талаараа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Шинэ Зеландын 2023 оны бүх нийтийн сонгууль 10 дугаар сарын 14-ний өдөр болно гэж тэрбээр телевизээр мэдэгдэл хийх үеэрээ хэлжээ.