Авлига, албан тушаалын 9 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

оруулсан Алсын Хараа

Прокурорын байгууллага өнгөрсөн 7 хоногт мөрдөн байцаалтын 2041 хэргийг хянажээ.

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 105, өмчлөх эрхийн эсрэг 68, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23, авлига албан тушаалын 9, хүрээлэн буй орчны эсрэг 8, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 6, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, цэргийн албанаас оргон зайлах, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх тус бүр 1, нийт 233 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдлээ.

Хяналтын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 547 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 10 мэдэгдэл хүргүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргийг дурдвал:

-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан М нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, сумын тэтгэвэр тогтоогдоогүй 38 иргэнд тэтгэвэр олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Мото буудлагын ротын захирагчаар ажиллаж байсан Б.Б, Артиллерийн батарейны ахлах ахлагч Д.Б, Холбооны зангилгааны радио холбооны тасгийн Р-140 станцын 2 дугаар тоотын станцын дарга, ахлах ахлагч Б.Э нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, тус ангийн цэргийн албан хаагчдыг цэргийн ангиас зохих зөвшөөрөлгүй нууцаар гаргаж, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд барьж буй 15 давхар барилга дээр ажиллуулж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэтгэгдэл бичих