Б.Жавхлан: 1,095,352 хүүхдийн мөнгө дансанд нь шилжиж эхэлсэн

оруулсан Алсын Хараа

Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхан мэдээлэл хийж байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Иргэд Өрхийн мэдээллийн сангийн мэдээллээ засварлахад идэвхтэй хандаж байгаа нь ажилд ихээхэн үр дүн өгч байна.

Яг одоогийн байдлаар 1,095,352 хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж эхэлсэн. Энэ бол 2-3 цагийн процесс. Өнөөдөр нийт хүүхдийн 87 хувьд ямар нэг саадгүйгээр олгоно. Үлдэж буй 43,820 хүүхдийн мэдээлэл давхардсан, зөрүүтэй мэдээллийг засварлахаар ажиллаж байгаа. Үүнд эцэг, эхчүүд хамтарч ажиллах шаардлага гарч байгаа ч Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын ажилтнууд иргэдийг аль болох биеэр очих шаардлагагүй байхаар мэдээллийг нь засаж, зөрүүг арилгахаар ажиллаж байна" гэлээ.

Иргэд өнөөдрөөс эхлэн burtgel.gov.mn хаягаар бүртгэлийн эсвэл регистрийн дугаараараа нэвтэрч, оршин суугаа хаяг дээр нь ямар, ямар хүмүүс байгааг мэдэх боломжтой болсныг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан хэлэв.

Тэрбээр "Хүүхдийн тоо нэмэгдсэн, хасагдсан байна гэдэг эргэлзээтэй мэдээлэл хэд хоног явлаа. Харин дээрх сайтаар шалгаснаар улсын бүртгэлд манай мэдээлэл ямар байна вэ гэдгийг мэдэх боломжтой.

Өрхийн мэдээллийн сан гэдэг бол тухайн иргэн өөрийнхөө хүслээр гэр бүлээ мэдээлдэг. Тэр мэдээллийн санг улсын бүртгэлийн мэдээллийн сантай андуурч, иргэд бухимдах тохиолдол их гарлаа" гэв.

Хэрэв таны хаяг дээр танихгүй хүмүүс бүртгэгдсэн байвал тус сайтаар дамжуулж, тайлбар мэдээлэл, холбоо барих утсаа үлдээх юм байна. Ингэснээр бүртгэлийн ажилтнууд хариу арга хэмжээг шуурхай авна гэдэг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хэллээ.

Мэдээллийн үеэр сэтгүүлч түүнээс "Иргэний хаяг дээр өөр хүмүүс бүртгэлтэй байлаа гэж бодоход, тухайн хүн албан ёсоор хаягаараа амьдарч байгаа хүмүүсийг манайх биш гээд хаягаас нь хасуулах хүсэлт гаргавал яах вэ. Нэг хаяг дээр бүртгэгдсэн байгаа иргэдийн үндсэн хаяг дээр байгаа болон түр оршин суугаа хүмүүсийг яаж ялгах вэ?" гэж асуув.

Уг асуултад тэрбээр "Хаяг бол үл хөдлөх хөрөнгийн хаяг. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч нь тухайн хаягийн жинхэнэ эзэн нь. Хаягаас хасалт хийхэд заавал нотлох баримтыг нь шалгадаг. Гэрчилгээний эзэн нь хэн бэ гэдгийг үндэслэж улсын бүртгэлийн шийдвэр гарна. Таны хаяг дээр өмнө нь амьдарч байсан айлын хүн хаяг дээрээ үлдчихээд өнөөдөр тантай холбоотой гомдол гаргавал албан ёсны хаягийг солих эрхтэй этгээд биш байна гэдэг хариу өгнө" гэж хариуллаа.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, УБЕГ жилд 200-220 мянга хаягийн бүртгэл хийдэг байна.

Сэтгэгдэл бичих